МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сургалтын хөтөлбөрийн талаарх Үндэсний хэлэлцүүлгийн явцтай танилцлаа
2019.03.04
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Сургалтын хөтөлбөрийн талаарх Үндэсний хэлэлцүүлгийн явцтай танилцлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг, Улсын Их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нар бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн үндэсний хэлэлцүүлгийн ажилтай танилцлаа. 

“Үндэсний хэлэлцүүлэг”т хөдөө орон нутаг, нийслэлийн 10 аас дээш жил ажилласан туршлагатай багш нараас бүрдсэн 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тусгай аргачлалын дагуу хөтөлбөрийн агуулгад дүн шинжилгээ хийж байгаа юм. 2014 оноос эхлэн үе шаттай шинэчилсэн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрт засаж сайжруулах асуудлууд олон байгааг багш нар ярьж байна. Тухайлбал, шинэчилсэн хөтөлбөрийг нийгэм, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлтэй уялдаагүй хэт яаравчлан бүх сургуульд хэрэгжүүлсэн, сургууль, багш нар, олон нийтэд хангалттай ойлголт өгөөгүй, ахлах ангид хичээл заах багш бэлтгэгдээгүй, хот хөдөөгийн сургуулийн бодит нөхцөл байдлыг тооцоогүй учир амжилттай хэрэгжиж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг дагуулсаар байна. 

Үүний зэрэгцээ сургалтын хөтөлбөрийн олон удаагийн ойрхон өөрчлөлт нь агуулгын давхардлыг бий болгосон, хичээл, судлагдахууны тоог нэмэгдүүлсэн, сурагч, багшид ачаалал бий болгон тухай багш нар ярьж байна. Наад зах нь нэгдүгээр ангийн хүүхдийн хичээлийн хөтөлбөрт /тэнхлэгийн тэгш хэмийг ойлгуулах/ сэдэв байгааг дурдаж байлаа. Энэ нь зургаан настай хүүхдэд тохирох сэдэв биш бөгөөд дараа жилийн хөтөлбөрт дахин орж ирдэг нь өрөөсгөл гэсэн шүүмжийг бага ангийн багш нар хэллээ. Энэ бол зөвхөн нэг жишээ юм. БСШУС-ын сайд 

 Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар бага боловсрол, монгол хэл, математик, нийгмийн ухаан, байгалийн ухаан, гоо зүй-технологи гэсэн зургаан чиглэлээр ажиллаж байгаа баг тус бүр дээр очиж саналыг нь сонсож, чиглэл өглөө.

Сургалтын хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч багш нар өөрсдөө хөтөлбөртөө дүн шинжилгээ хийж байгаагаараа энэ удаагийн хэлэлцүүлэг онцлог юм. Хэлэлцүүлгийн хүрээнд сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн тохирц, агуулгын залгамж холбоо, өргөсөл, гүнзгийрэл, агуулгын давхардлыг судалж, сум, багийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын зохион байгуулалт, багш, суралцагчийн ачааллыг бууруулах санал, зөвлөмж боловсруулж танилцуулна. 

Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжид үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн болон мэргэжлийн бусад байгууллагууд ерөнхий боловсролын сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг сайжруулан хөгжүүлж, үндэсний хэмжээний сургалтын бодлого болон шинээр батлагдан гарах дүрэм журамд тусган хэрэгжүүлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ