МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг-ийг хүлээн авч уулзлаа
2019.03.06
Гадаад харилцаа

Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг-ийг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг-ийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл манай хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа  олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхэн уламжлалтай бөгөөд энэ хүрээнд өндөр дээд хэмжээний албан тушаалтнуудын харилцан айлчлал, ажлын уулзалтууд зохион байгуулагдаж, ЭМЯ-д хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг хоёр удаа байгуулан ажиллаж байсан болохыг хэллээ.

Мөн уламжлалт анагаах ухааны салбар нь хоёр улсын хамтын ажиллагааны чухал салбар болох ба үүний зэрэгцээ хоёр улсын хамтарсан Монополе Фармацеутикаль компани нь биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх бага оврын  үйлдвэрийг шинээр байгуулж, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан Монгол адууны ясыг гүн боловсруулж, хүний биед нэн шаардлагатай үл орлогдох амин хүчил, уураг, эрдсийн өндөр агууламжтай хольцгүй, цэвэр байгалийн гаралтай хүнс төст биологийн идэвхт бүтэээгдэхүүн үйлдвэрлэж байгааг хэллээ. 

Үүний дараагаар Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг уламжлалт анагаах ухаан, уламжлалт эмийн чиглэл нь хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны салшгүй хэсэг болохтой санал нэг байгаагаа илэрхийлээд эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, санал санаачилга болон цаашид хамтран хийгдэх ажлуудыг танилцуулав.

Тэрээр ховордсон эмийн ургамлыг судлах төслийг БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ судалгааны багт эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг оролцуулах саналыг дэвшүүлэхийн зэрэгцээ уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмч мэргэжилтэн солилцох зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой болохыг мэдэгдлээ. Мөн энэ онд Монгол, Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд олон ажлуудыг хамтран хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд уламжлалт болон европ эмийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа тул энэ тал дээр дэмжиж ажиллахыг хүслээ.

Уулзалтын явцад талууд дээрх болон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, Сайд Д.Сарангэрэл хамтын ажиллагааны дээрхи саналуудыг талархалтай хүлээн авч байгаагийн зэрэгцээ хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргаж, анхааран ажиллахаа илэрхийлээд, эдгээрийг бодит ажил хэрэг болгоход шуурхай ажиллах болохоо мэдэгдсэнээр уулзалт өндөрлөв.

ШИНЭ МЭДЭЭ