Охидын бэлгийн халдашгүй байдал
2019.03.07
Хүний эрх

Охидын бэлгийн халдашгүй байдал

Энэ жилийн эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтан Монголын Эмэгтэйчүүдийн Сан, Хүйсийн тэгш эрхийн төв, Хөөрхөн зүрх ТББ, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв, Монголын Эмнести Интернэшнл байгууллагууд санаачилан МУГХУСАЗЗ, ГБХЗХГ, ЦЕГ-тай хамтран “Охидын бэлгийн халдашгүй байдлыг хангахад төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Цагдаагийн байгууллагын статистик мэдээллээр 2014-2016 оны байдлаар 947 буюу ойролцоогоор өдөрт нэг бэлгийн хүчирхийлэл бүртгэгдэн шалгагдаж байсан бол 2017 онд 30% (376) 2018 онд 38% (519)-иар өссөн тоон мэдээлэл гарчээ. Хохирогчдын 80% орчим нь 10-29 насны охид, залуу эмэгтэйчүүд, үүний 46.8% нь 0-17 насны охид байгаа бөгөөд насанд хүрээгүй хохирогчдын 87% нь ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид байна.

Шинэ Эрүүгийн хууль, тогтоомж хэрэгжиж эхэлснээс хойш гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс шалтгаалан урьд шийдвэрлэж байсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийн дийлэнхи нь хэрэг бүртгэлтэд хамаардаг болсон нь гэмт хэргийн статистик өссөн үзүүлэлтэй гарах нэг шалтгаан болжээ.

Охидын эсрэг бэлгийн хүчирхийллийг ихэнхдээ ураг төрөл болон гэр бүл, найз нөхөд зэрэг хохирогчтой ямар нэг байдлаар холбоотой хүмүүс үйлддэг учир  гэр бүлийн зүгээс хуулийн байгууллагад мэдээлэхгүй, нуун дарагдуулах, мэдээлсэн ч томчууд хоорондоо “тохиролцоод” хүүхэд хохироод үлддэг асуудал нийтлэг болсон.

Цагдаад  шалгагдсан хэргүүдийн 2 хэргийн 1 нь буюу 45.2% нь л шүүхээр эцэслэн шийдвэрлэгджээ.

НҮБ-аас 57 оронд хийсэн судалгаагаар[1] энэ төрлийн гэмт хэргийн дөнгөж 11% нь, Энэтхэг улсад хохирогчдын 5-6% хуулийн байгууллагад ханддаг гэсэн бол манай улсад үүнийг тооцоолж гаргасан судалгаа алга байна.

Гэмт хэргийн шийдвэрлэлт хангалтгүй, гэмт хэрэгтнүүд ял завшиж байгаа нь хүүхдүүд хохирсоор үлдэх, энэ төрлийн гэмт хэргийн тоо буурахгүй, өсөх сөрөг үр дагаврыг бий болгож байна. Ялангуяа хуулийн байгууллагад хандсан хүчингийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох, шийдвэрлэхгүй байх, хохирогчийн эрүүл мэнд, сэтгэлзүйг нөхөн сэргээх асуудлыг авч хэлэлцэлгүй орхигдуулснаас хохирогч дахин хохирогч болох, насан туршдаа сэтгэлзүйн дарамттай амьдарч байгааг судалгааны үр дүн харуулсан.

Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагаа, хохирогч хамгааллыг сайжруулах, хууль эрх зүйн орчинг хохирогчдод ээлтэй болгох тал дээр төрийн болон төрийн бус байгууллагууд сайн туршлагаа солилцон, цаашид төр чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн бус байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэх энэ уулзалтанд холбогдох төрийн болон, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хүүхэд, эмэгтэйчүүдийн байгууллагууд оролцлоо.

Уулзалтаар охидын  бэлгийн халдашгүй байдлын эсрэг хэрэг шийдвэрлэлт мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болж байгаа шалтгаан, урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслалцаа үзүүлэх өнөөгийн нөхцөл байдал, тохиолдож буй хүндрэл бэрхшээл, бэлгийн халдашгүй байдлын талаарх олон улсын хэм хэмжээ, сайн туршлагуудын талаар хэлэлцэн, цаашид төр чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн бус байгууллагатай хэрхэн хамтран ажиллах чиглэлийг тодорхойллоо.

Мөн охид, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсооход цаазаар авах ял хэрэглэх тухай ярих бус харин боловсролын тогтолцоо, хүмүүжлийн арга хэлбэрээр урьдчилан сэргийлэх ажил явуулах, хэрэг үйлдэгдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлийг бууруулах зэрэг олон талт цогц үйл ажиллагаанд анхаарал хандуулах шаардлагатай байна.

ШИНЭ МЭДЭЭ