Хотын дарга нэрнийхээ учрыг тайлбарлав
2019.03.11

Хотын дарга нэрнийхээ учрыг тайлбарлав

Өнгөрөгч лхагва гарагт Соёлын төв өргөөнд “Их хотын бүсгүйчүүд 2019” хүндэтгэлийн арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 3 дах удаагаа зохион байгуулав.

Тус арга хэмжээнд Нийслэлийн ЗДТГ болон түүний харьяа агентлагууд төдийгүй  дүүрэг, хороонд ажиллаж байгаа 1000 гаруй эмэгтэйчүүд оролцов. Энэ үеэр эрхэлсэн ажил үйлсдээ амжилт гарган бусдыгаа манлайлан ажилласан шилдэг 9 эмэгтэйг тодруулж өргөмжлөл гардуулсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан  Нийслэлийн шилдэг 9 эмэгтэйд талархал илэрхийлэх үеэрээ 36 настай ч 8 хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлж буй, тун удахгүй ес дэх хүүхдээ өлгийдөн авах гэж буй алдарт эх Ө.Өрнөхбилэгт тусгайлан талархал илэрхийлж, таниар бахархаж байна гэв.

Нийслэлийн шилдэг эмэгтэйчүүдийн нэгээр шалгарсан Ө.Өрнөхбилэг шагналаа гардах үеэр түүний нөхөр, 8 хүүхэд нь тайзан дээр гарч баяр хүргэсэн нь Хотын даргын сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан

“Бүсгүйчүүд, эмэгтэйчүүдээ бид хайрлаж, хамгаалж, хэрэгтэй цаг үед нь дэргэд нь байх ёстой гэж би боддог, Би 9 хүүхэдтэй айлын 8 дэх хүү нь, дээрээ 6 ах 1 эгчтэй, дороо 1 эрэгтэй дүүтэй, миний аав ээж хоёр Налайх дүүрэгт жирийн уурхайчин гэр бүл байсан. Ээж маань намайг 5 ханатай гэрт ганцаараа байхдаа төрүүлсэн гэдэг. Төрөх хугацаа нь арай болоогүй байсан би гэдэг хүн аавыг ажилдаа яваад гэртээ ирэхэд гэнэт төрчихсөн байсан болохоор аав маань магнай хагартлаа баярлаж, надад Амарсайхан гэдэг нэр өгсөн гэдэг, ...Хүний амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдовч түүнийг хэрхэн давж болдог, амьдралд ямар нандин мөч тохиодогийг, бие биенээ хэрхэн хайрлах ёстой вэ гэдгийг эрчүүд та бид ойлгох ёстой” хэмээгээд Нийт эрчүүдийнхээ нэрийн өмнөөс Монголын өнцөг булан бүрт суугаа ээжүүд, эхчүүд, бүсгүйчүүд, эгч, дүү нартаа  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Тус арга хэмжээний төгсгөлд Хотын дарга С.Амарсайхан  8 хүүхэдтэй Д.Батдаваа, Ө.Өрнөхбилэг нарыг хүлээн авч уулзан, халуун дулаан яриа өрнүүлээ. 

ШИНЭ МЭДЭЭ