“Дэд бүтцийн төв” төслийн эхний загвар төсөлтэй танилцлаа
2019.03.12
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

“Дэд бүтцийн төв” төслийн эхний загвар төсөлтэй танилцлаа

Өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, НИТХ-ын дарга Р.Дагва, Засаг дарга С.Амарсайхан нар “Дэд бүтцийн төв” төслийн хамгийн эхний загвар төсөлтэй очиж танилцлаа.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт хэрэгжүүлж байна. Эхний ээлжийн 33 айлыг дулаанд холбоод байгаа юм. Мөн “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 285 айл өрхөөс 28 айл өрх шинээр амины орон сууц барьж, 104 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулсан байна.

Хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт жишиг гудамж, авто болон явган зам, ногоон байгууламж, хиймэл нуур, гэрэлтүүлэг, камержуулалт иж бүрэн хийгдэж, 2019 оны 05 дугаар сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. МАН гэр хорооллын барилгажилтийн талаар 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тодорхой амлалт оруулсан.

Иймээс гэр хорооллын барилгажилтын асуудалд байнга анхааран утаа, орчны бохирдол, амьдрах орчныг сайжруулахын төлөө ажиллаж байна.

“Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр агаар, хөрс, орчны бохирдол бүрэн үгүй болж, иргэд өөрийн өмчлөлийн газартаа амины орон сууц барьж, газрын үнэлгээ 3-4 дахин нэмэгдэн, эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлөөр хангагдах юм.

УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т нийцүүлэн нийслэл хотын гэр хорооллыг 3 бүсчилж хувааж хөгжүүлэхээр “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг НИТХ-ийн 2018 оны хоёрдугаар сарын 27-ний өдрийн 14/01 тогтоолоор баталсан.

Төвлөрсөн шугам сүлжээнд холбоход техникийн шийдлийн хувьд боломжгүй, хэсэгчилсэн шугам сүлжээгээр хангах боломжтой 2,794 га бүхий гэр хорооллын дундын бүсэд 2017-2020 онд нийт 50 ширхэг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх Дэд бүтцийн төвийг барьж байгуулах юм.

Ингэснээр 17,500 нэгж талбарын 22,250 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбоно. “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр иргэд өөрсдийн газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог  амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ