2019.03.20
Эдийн засаг, Худалдаа
Н.Учрал: Яамдууд тендер зохион байгуулдагаа хэзээ болих вэ?
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
“Хууль гарлаа гээд яамдууд дээр тендер зарлагдах ажил хүнд байгаа. Хэзээ яамдууд тендер зохион байгуулдагаа болих вэ? нэг сайд томилогдоод тухайн яамныхаа 2 даргыг солидог. Нэгт нь санхүүгийн албаны дарга. Ийм байж болохгүй.
Яагаад өөрийнхөө хүнийг тавьдаг юм бэ? Бодлого хариуцах хүн байж яагаад тэр яамны мөнгөрүү анхаарч өөрийн хүнээ тавиад байгаа юм бэ? Ийм байж тендерээс хол байгаа гэж яриад байгааг ойлгохгүй байна. Тиймээс хуулиараа яамдыг тендерээс хол байлгахыг оруулах хэрэгтэй.
Би өнгөрсөн 3 жилийн хугацаанд хууль, бодлого боловсруулна гэж бодож байсан маань өөрчлөгдөж хэдэн яамдын мэргэжилтэн гуйдаг ажил юм байна гэж ойлгоод байгаа. Хэн авхаалжтай, сэргэлэн, нүүрний буянтай гишүүн л сонгогдсон тойрогтоо салбарын яамдаас нь гуйж байж ажлаа бүтээдэг. Тэнд байгаа хэдэн мэргэжилтэн тендер зарлаад, шалгаруулаад явдаг ужгирсан байдал хэвээрээ байна.
Мөн цахим тендер зарлана гэж энэ хуульд оруулсан хэрнээ урилга хүргүүлнэ гэсэн байна. Цахим тендерт урилга хүргүүлэх ямар хэрэгтэй вэ? Дээрээс нь ЕБС-ийн нэг сурагч компьютерийн ард суугаад тендерийг чинь хакердах ийм аюулгүй байдлыг хангаагүй үед цаасаар явуулсан нь дээр юм биш үү?”
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, тус яамны газрын дарга, Хуулийн төслийн ажлын хэсгийн дарга Д.Оюунхорол нар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31
Сонгинохайрхан дүүргийн 1000 эмэгтэй чууллаа
2019.11.22