СХД-т төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслийн ажлуудыг эрчимжүүлнэ
2019.03.27
Орон нутгийн хөгжил

СХД-т төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслийн ажлуудыг эрчимжүүлнэ

Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд зарим яамдын төлөөлөл, нийслэлийн агентлагийн дарга нар, СХД-ийн удирдлагуудын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтын зорилго нь улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй төслийн ажлуудыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлуудыг газар дээр шийдвэрлэх юм.

Уулзалтын үеэр зарим үүрэг чиглэлүүдийг өгч бүтээн байгуулалтын ажлуудын явцыг түргэвчлэхийг анхаарууллаа.

Бүтээн байгуулалтын ажлуудын төсөв хөрөнгө хэдийгээр улсын төсөвт бүрэн суугдсан ч холбогдох төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо хангалтгүйгээс өнгөрсөн онд олон ажил хийгдэлгүй он дамжин удааширч, шийдвэрлэгдэхгүй байгаа талаар, мөн цаашид шаардлагатай ажлуудыг яаралтай зохион байгуулж шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт иргэдэд чиглэсэн олон томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр хөрөнгө оруулалт нь шийдвэрлэгдэн барилгын ажил нь эхлэхээр хүлээгдэж байна.

Үүнд: СХД-т анх удаа 850 хүний суудалтай Соёлын төв, Дүүргийн төвлөрсөн төр захиргааны байр. Мөн энэ онд СХД-ийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв баригдан ашиглалтад орно. Олон сургууль цэцэрлэг шинээр баригдаж 2020 он гэхэд дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль 2 ээлжинд орж, сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг байдал арилна.

Гэр хороолол дундах авто замын сүлжээ бий болж иргэд тохь тухтай замаар зорчиж агаарын бохирдолт тоосжилт буурна. 2019 он СХД-ийн хувьд олон бүтээн байгуулалт хийгдсэн жил байх болно.

ШИНЭ МЭДЭЭ