2019.04.03
Орон нутгийн хөгжил
"Мэргэжил сонголт” арга хэмжээ 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа
Сэлэнгэ аймаг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан “Мэргэжил сонголт” арга хэмжээг 2009 хойш тасралтгүй 10 жил зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаа нь төгсөх ангийн хүүхдүүдийн мэргэжлээ сонгох чиг баримжаанд дэмжлэг болж, элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дундаж ахиж, үр дүнд хүрсэн уламжлалт ажил болсон юм.
Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын 33 сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 3 төвийн 12 дугаар анги төгсөгчид, эцэг эхчүүдэд зориулсан ”Мэргэжил сонголт-2019” арга хэмжээг аймгийн төв Сүхбаатар суманд амжилттай зохион байгууллаа.
33 сургуулийн удирдлага, багш нар, нийт 405 сурагч, эцэг эхчүүд хамрагдсан энэ удаагийн арга хэмжээг БСШУСЯ, харьяа байгууллагууд, дэлхийн түвшинд Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн шилдгийн шилдэг 10 их сургуулийн удирдлага, нэртэй багш нарыг урьж, нэг дороос “Мэргэжлээ сонгох”, Монголын болон дэлхийн томоохон их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах боломжийн талаарх мэдээлэл, сургамж, зөвлөгөөг өглөө.
Арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ш.Оргил, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, С.Оюундарь нар оролцож төгсөгчиддөө үгээ хэлж, амжилт хүслээ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 10 дахь жилдээ төгсөх ангийн сурагчдад хэрэгцээт мэдээллийг багцалсан багц номыг гардуулан өглөө.
Энэхүү арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд боловсролын салбарын нэгэн “брэнд” ажил болгон тасралтгүй амжилттай зохион байгуулж байгаа гол хүн болох аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Оюуныг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гадаад орон туршлага судлуулах урилгаар шагналаа.
Ийнхүү “Мэргэжил сонголт-2019” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж төгсөгчид олон шинэ мэдээллийг мэдлэг болгон авлаа. Нийт төгсөгчиддөө амжилт хүсье.