УИХ-ын гишүүд Парламентчдын хүний эрхийн хорооны хуралд оролцлоо
2019.04.09
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүд Парламентчдын хүний эрхийн хорооны хуралд оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Катар Улсын Доха хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны 140 дүгээр чуулганд оролцож байна. 

Ассамблейн чуулганы энэ удаагийн нэгдсэн хуралдаан “Парламент нь энх тайван, аюулгүй байдал, хууль дээдлэх ёсны боловсролыг чанаржуулах талбар болох нь” сэдвийн дор явагдаж, чуулганы нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан үг хэлэв.

Тэрбээр, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгагдсан мэдлэгт суурилсан нийгэм болон чадвартай Монгол хүнийг бэлтгэх талаар, мөн боловсролын зорилтуудыг дурдаад, тэдгээрийн хэрэгжилтээс танилцуулав.

Түүнчлэн хууль дээдлэх ёсыг хангах замаар нийгэмд шударга ёс тогтоох, чингэхдээ иргэдээ боловсролтой болгох нь ихээхэн чухал болохыг тэмдэглэж, эдгээрийн үр дүнд нийгэм тогтвортой хөгжихийг онцолж байв.

Мөн өдөр, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хэлэлцэх ээлжит хуралд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцлоо. 

Хурлын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өнгөрсөн хугацаанд С.Зоригийн хэрэгтэй холбоотой уг хорооноос шаардсан баримт бичиг, асуултуудын хариултыг холбогдох Монголын байгууллагуудаас гаргуулан Монгол Улсын Их Хурлаас хүргүүлсэн болохыг танилцуулж, уг хэрэгт эрүү шүүлт тулгах зэргээр хуулиар хориглосон ажиллагаа явуулсан байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдээллийг хүргэв. Түүнчлэн, УИХ-ын даргын захирамжаар С.Зоригийн хэрэгтэй холбоотой гаргасан ОУПХ-ны Удирдах зөвлөлийн өмнөх хурлын шийдвэрт тусгасан асуудлуудыг судлах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан тухай танилцуулав.

Эцэст нь уг хорооны шинжээч, мэргэжилтнүүдийг Монголд дахин хүрэлцэн ирж, уг хэрэгтэй холбоотой судалгаа хийхийг урилаа.

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо энэ хэргийн үйл явцын талаар байнга мэдээлж, хамтарч ажилладагт, өөрийн институцийн зүгээс ажлын хэсэг байгуулах зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, ахиц дэвшил гаргаж байгаад, мөн энэ хэрэгт холбоотойгоор Монголд дахин очиж ажиллахыг урьсанд Монгол Улсын Их Хуралд талархаж байгаагаа илэрхийллээ.

Хорооны гишүүд уг хэрэгтэй холбоотой гарсан өөрчлөлтүүдийн талаар тодруулга авч, Монголд ажиллах тохиолдолд холбогдох байгууллага, албаны хүмүүстэй уулзуулах, мөн дэмжлэг туслалцаа үзүүлэхийг УИХ-ын гишүүдээс хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ