Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг “Эрдэнэс-Тавантолгой” компани санхүүжүүлнэ
2019.04.09
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг “Эрдэнэс-Тавантолгой” компани санхүүжүүлнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх тухай” тогтоолыг батлав.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэ оны хоёрдугаар сарын 27-ны уралдаанаар экспортыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, төрөлжилтийг дэмжихийг УИХ, Засгийн газарт зөвлөмж болгосон. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Жавхлангаар ахлуулсан ажлын баг экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх тогтоолын төслийг боловсруулсан байна. Төсөлд экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг 2019 онд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд хэрэгжүүлэх, шаардагдах эхлэлийн хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 2018 оны болон ирэх жилүүдийн цэвэр ашгаас санхүүжүүлэхээр тусгажээ.

Түүнчлэн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр”-ийг соёрхон батлуулах ажлыг эрчимжүүлэх, хөдөө аж ахуй, аялал жуучлал, мэдээллийн технологийн салбарыг хувийн хэвшилд тулгуурлан хөгжүүлэх бодлого, стратегийг танилцуулах үүргийг Засгийн газарт өгчээ. Цаашид энэхүү бодлогыг хэрэгжүүлэх эрх, үүргийг хувийн хэвшлийн байгууллагад буюу Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимд шилжүүлэх саналыг судалж, танилцуулах чиглэлийг төсөлд мөн тусгасан байна. Мөн хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийн цогцолборыг бодлогын хүрээнд дэмжих, гадаад хөнгөлөлттэй зээл, тусламжийг энэ салбарт чиглүүлэх, шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг үе шаттай төсөвт тусгах нь зүйтэй гэж үзжээ.

Түүнчлэн экспортын нэмүү өртгийн сүлжээ, санхүүжилтийн оновчтой тогтолцоог хөгжүүлэхэд Засгийн газарт бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг Монголбанканд, зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банканд чиглэл болгосон байна. Түүнчлэн Монголбанк төмөр зам, зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн санхүүжилтэд оролцох эрх зүйн үндэслэлтэй эсэх, энэ нь эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөхийг судалж, танилцуулахыг тогтоолын төсөлд тусгажээ. Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь дэмжиж, батлав.

Мөн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Нарийнсухайтын орд газар 800 орчим сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний батлагдсан нөөцтэй, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаагаар нийт хүчин чадал нь жилд 33.5 сая тонн гэж тогтоогдсон. Энэ ордод 2015 онд ашигт малтмалын 68 тусгай зөвшөөрөл олгожээ. Нарийнсухайтын орд газраас Шивээхүрэнгийн боомтоор дамжин БНХАУ-ын хилийн Сэхэ боомт хүрдэг хүнд даацын авто замын боомтын хүчин чадал жилд 10-12 сая тонн бөгөөд өнгөрсөн онд тус боомтоор нийт 11.9 сая тонн нүүрс экспортолж, 310.9 сая ам.долларын орлого олсон байна. Тиймээс Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж экспортын шинэ гарц нээхээр төлөвлөж буй юм. Ингэснээр манай улсын нүүрсний экспортын зах зээл тэлж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин өсч, тээврийн өртөг 2-4 дахин буурна хэмээн Засгийн газар үзжээ. Энэ хүрээнд Шивээхүрэн-Сэхэ боомт чиглэлд 13 км төмөр зам барихаар шийдвэрлэжээ. Уг тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ