Өргөдлийн байнгын хорооноос гаргасан зөвлөмжийг Засгийн газар дэмжихээ илэрхийлэв
2019.04.11
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Өргөдлийн байнгын хорооноос гаргасан зөвлөмжийг Засгийн газар дэмжихээ илэрхийлэв

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Хэнтий аймгийн Гутайн даваанд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.04.10/ Төрийн ордонд зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нээж үг хэллээ.  Өргөдлийн байнгын хорооны даргын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат тайлбар хийв.

Тэрбээр, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Ногоон хөгжлийн бодлого, Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр, Ус үндэсний хөтөлбөр, Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрнийн хөтөлбөрт тусгагдсан байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтад авах зорилтын хүрээнд Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоол болон Батширээт, Биндэр сумын нэр бүхий 3.962 иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн Гутайн даваа-Хөмүүл голын эх орчмын газрыг хамруулан улсын тусгай хамгаалалтад авах суурь судалгаа, үндэслэлийг Байгаль хамгааллын судалгаа, хөгжлийн төвөөр гүйцэтгүүлсэн.

Дээрх судалгаанд үндэслэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн дагуу урьдчилсан тандан судалгаа, үр нөлөөний шинжилгээ, зардлын тооцоог хийж, тогтоолын үзэл баримтлалыг батлуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

Гутайн давааны бүлэг ордод “Пегматит майнинг” ХХК, “Ю энд Би” ХХК, “Айвуунтэс” ХХК-ний ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа бөгөөд дээрх тусгай зөвшөөрлүүд нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан ойн сан бүхий газар нутагтай бүтэн болон хэсэгчилэн давхцалтай байна.

Дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхөх олговорыг тооцуулахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус хүргүүлээд байна. Одоогийн байдлаар тогтоолын төсөлд яамдуудаас санал авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Цаашид Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авснаар хамгааллын менежментийг Онон Балжийн байгалийн цогцолборт газарт хариуцуулахаар зардлын тооцоо хийгдээд байна гэв.

Холбогдох албан тушаалтнууд болон иргэдийн төлөөллөөс тайлбар, мэдээлэл авсны дараа Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тайлбар авахын зэрэгцээ байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дэвсгэрт урсах Шургадагийн болон Гутайн голуудыг кадастрын зураглал болон газрын зураг дээр байхгүй болгосныг Ой, ус, тусгай хамгаалалттай газар нутгийн кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяагаас тодруулав. Тэрбээр, Засгийн газрын 2015 оны 194 тогтоолд тусгай хамгаалтад авагдаагүй байсан. Саяхан албаны хүмүүс газар дээр нь ажиллаад ирсэн, тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэлээ.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ

Энэхүү газар нутаг нь зөвхөн байгалийн болон түүх соёлын дурсгалт газрууд бус эзэн Чингис хааны түүхтэй салшгүй холбоотой газар нутгийг сүйтгэж байна. Бид эцэст нь баялаг нь шавхагдсан, хөрс нь эвдэрч хэмхэрсэн газар нутгийг хойч ирээдүйдээ өвлүүлэн үлдээх болоод байна. Иймээс Байнгын хорооноос гаргах шийдвэрийг миний бие Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд, мөн Монгол Улсын Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлсэн болно гэлээ.

Уул уурхайн хөгжил болоод зохистой хэрэглээг дэмжинэ гэхдээ байгалийн цогцолборт газрыг сүйтгэх, нөхөн сэргээлт хийдэггүй аж ахуйн нэгжийг тус Байнгын хороо дэмжихгүй, мөн Засгийн газраас гаргасан шийдвэрт хяналт тавьж ажиллахыг Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг илэрхийллээ.

Иймд цаашид хэрхэн ажиллахыг сайд Н.Цэрэнбатаас тодруулав.

Тэрбээр, уул уурхайтай холбоотой асуудлаар газар дээр нь ажиллаж, цаашид хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэхээр ажиллах болно гэлээ. Учир нь төр, засаг солигдоход шинээр томилогдсон дарга нь тухайн шийдвэрийг өмнөх удирдлага гаргасан хэмээн хариуцлагаас зайлсхийдэг. Иймээс хариуцлага дээр тулгуурлан ажлыг үргэлжлүүлэх болно. Мөн Усны агентлаг байгуулагдваас устай холбоотой асуудал нэг зангилаатай болно гэлээ.

Үргэлжлүүлэн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “урт нэртэй” хуулийн үйлчлэлийн хүрээнд эрх ашиг байгаа нь харагдаад байгаа нь маргааны сэдэв болж байна. Өнөөдрийн Байнгын хорооны хэлэлцүүлгээс чухал шийдвэр гарна гэдэгт итгэж байна. Хэнтий аймаг аялал жуулчлалын бүс болж, уул уурхайг хязгаарлах нь зөвхөн уугуул иргэдийн хүсэлт бус нийт монголчуудын эзэн Чингис хааны өлгий газар нутгийг төрөөс хамгаалах шийдвэр болох учиртай гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энхболд, өнөөдрийн Байнгын хорооны хэлэлцүүлгээс зөвхөн нэг аж ахуйн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарах байх. Энэ нь бусад аж ахуйн нэгжүүдэдд томоохон дохио болно. Иймд уг лицензийг нь цуцлах зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв. 

Мөн түүнчлэн, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Сарангэрэл, Д.Дамба-Очир, Ц.Гарамжав нар тодруулга авч, төр төмөр нүүрээ харуулж, цуцлах шийдвэр гаргахыг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Ингээд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдрийн хэлэлцүүлгийг дүгнэж, хэлэлцүүлгээс гарах зөвлөмжийг танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүд, бусад оролцогчдоос гаргасан саналыг тусган дараах зөвлөмжийг гарган Засгийн газарт уламжлахаар тогтов.

Үүнд, - Онон мөрөнд цутгадаг Гутайн гол, Шургадагийн гол, Наймт голын урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг эрх бүхий этгээдийн дүгнэлтийг үндэслэн  хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, ингэхдээ нөхөн олговрын асуудлыг давхар шийдвэрлэх;

- Хүрээлэн буй орчны гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцох 2-3 шинжээчийг Шүүхийн шинжилгээний байгууллагад ажиллуулах асуудлыг судлан шийдвэрлэх;

- Уул уурхайн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжийг хариуцлагын даатгалд хамруулах асуудлыг шийдвэрлэх;

- Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгосон 500 тусгай зөвшөөрлийг цуцалж, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг шинэчлэн тогтоох;

- Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хууль зөрчин тусгай зөвшөөрөл  олгосон эсэх асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулах асуудлыг шийдвэрлүүлэх;

- Байгаль орчны асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагууд үндэслэлтэй шийдвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах.

Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын  холбогдох албан тушаалтан, Хэнтий аймгийн Засаг дарга, нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ