Ж.Эрдэнэбат: ЖДҮ эрхлэгчдэд олгоорой гэснээс албан тушаалтнуудад олгоорой гэж хэлээгүй
2018.11.27
Эдийн засаг, Худалдаа

Ж.Эрдэнэбат: ЖДҮ эрхлэгчдэд олгоорой гэснээс албан тушаалтнуудад олгоорой гэж хэлээгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж  байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан үндэслэлийг танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хууль зөрчсөн тайлбар нотолгоогоор ЗГ-ыг огцруулах гэж оролдож байна. Улс орны язгуур эрхэд харшилсан зүйл ярьж байна. Туркийн талаас мэдэгдэл хийгээгүй. Харин ч Туркийн тал Засгийн газарт талархсан бичиг ирүүлсэн. Үүнийг Засгийн газар өөрөө шалгуулж байгаа. Улс төрийн зорилгоор тараасан ЖДҮХ сантай холбоотой мэдээ мэдээллийг шалгуулахаар би хуулийн байгууллагад хандсан. ЖДҮХ сангийн журмыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар тусгай журмаар олгуулахаар батлуулсан. Энэ бүхэн зөрчлийн үндэс суурь бол энэ шүү. 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: ЖДҮХ сангийн журамтай холбоотой асуудлаар та гарын авлага үзээрэй. Банкаар дамжуулдаг байсныг миний бие тухайн үед болиулсан. Банк өөрийн үйл ажиллагааны зардал нэмэгдэхээр зээлийн хүү нэмэгдэнэ. Холбогдох яамаар нь дамжуулж олгож, ЖДҮ эрхлэгчдэд олгоорой гэснээс эрх мэдэлтэн, албан тушаалтнуудад олгоорой гэж хэлээгүй шүү.

ЗГХЭГ-ын дарга Д.Хаянхярваа: Өнөөдрийг хүртэл Туркийн асуудлаар Засгийн газар ямар ч хариулт өгөөгүй. Бүхэл бүтэн тусгай үүргийн онгоц ирчхээд байхад та нар яагаад мэдээгүй байгаа юм. Хүн хулгай хийх гэж оролдсон асуудал нь худлаа юу?

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Тусгай үүргийн онгоц ирж, явдаг нь хэвийн үзэгдэл. Энэ талаар зөндөө өгсөн. Сонсоогүйд харамсаж байна. 

ЗГХЭГ-ын дарга Д.Хаянхярваа: Хүн хулгай хийх гэж оролдсон асуудал нь худлаа юу, Ерөнхий сайд аа. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Монгол Улс ийм үйлдэл хийх гэснийг эсэргүүцэж зогсоосон. Шөнө унталгүй ажилласан. Монгол Улсын гадаад яам мэдэгдэл гаргасан. Ерөнхий сайдтай байр сууриа нэгтгэлгүй гадаад харилцааны яам мэдэгдэл гаргадаггүй. Дипломат шуудан олгохоор онгоц ирсэн бол гадаад харилцааны яам зөвшөөрөл өгдөг. Харин тэр нь өөр зорилготой байсан бол зөвшөөрдөггүй. Тэр шөнө гаргасан мэдэгдлийг аваад үзээрэй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ерөнхий сайд та, агентлагийн олон хүмүүсээ ЖДҮХС-гаас зээл авсан гэж халжээ. Тэр хүмүүсийн буруутайг хуулиар тогтоогоогүй. Гэтэл сайдуудаа оруулаад ирээч ээ гэхээр оруулж ирэхгүй байна. Яагаад вэ? Төсвийн хориг дээр та бүхэн яагаад хуралдаанд орж ирсэнгүй вэ?

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн хуультай. Өөрсдөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учир чөлөөлсөн.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Засгийн газрын гишүүд хариуцлагатай асуудалд худлаа мэдээлэл өгч байна. Засгийн газрын асуудал өргөн барихаас өмнө намын бүлэг бүх асуудлыг дэмжсэн. 2019 оны улсын төсөвт тавьсан хоригийг хүлээж авахгүй гэсэн бүлгийн улстөрийн шийдвэр гарчихаад байхад Шадар сайд нь  орж ирээгүй. Ерөнхий сайд та хариуцлага тооцож байгаа гэлээ, МАН-ын даргын хувьд харицлах шиг боллоо. Та Ерөнхий сайдын хувиар хариулах хэрэгтэй байх. ЖДҮХ сангийн зээл авснаа хүлээн зөвшөөрчихөөд байхад яагаад асуудлыг оруулж ирэхгүй байна вэ? 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Би Ерөнхий сайдаар томилогдохдоо нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилтыг тавьсан. Хоёр дахь ажил хэрэгжээд явж байна. Бүх зүйл сайн сайхан болно гэж байхгүй, цаг хугацаа хэрэгтэй. Гурван асуудал дээр анхаарал тавьж ажилладаг. Улсыг эрүүл хүнс, эрчим хүчээр хангах, нефтийн үйлдвэртэй болгох асуудалд анхаарч байна.  Энэ ажлыг хийхэд битгий хориг саад болооч гэж хүссэн. Надад шалгах асуудал байна. “60 тэрбум”, Эрдэнэтийн 49 хувь, Стандарт банк, Концесс тендер, нүүрсээр баяжсан хүмүүсийн асуудал бий. Би УИХ-ын спикер, хотын даргыг сольж өг гэж байгаа. Энэ бүхний цаана том асуудал бий.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Та хариуцлага тооцсон гэлээ. Өөрсдөө өргөдлөө өгсөн юм уу, та хариуцлага тооцсон юм уу?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Өөрсдөө өргөдлөө өгөөд хариуцлагаа хүлээ гэж хэлсэн.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. 

ШИНЭ МЭДЭЭ