МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Архангай аймагт ажиллалаа
2019.04.22
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Архангай аймагт ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Архангай аймагт ажиллаж, аймгийн төв Эрдэнэбулган суманд уулзалт хийв.

Аймгийн боловсрол, соёл, спортын салбарын ажилтан, албан хаагчидтай хийсэн уулзалтын эхэнд салбарын бодлого, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулав. Сургууль, цэцэрлэгүүдийн засвар, өргөтгөлөөс гадна Аймгийн хөгжимт драмын театр, Усан бассейны барилгуудыг 2019 онд багтааж ашиглалтад оруулах, мөн Тѳв Монголын байгаль, түүх, соёл угсаатны цогцолбор музейг байгуулахаар ажиллаж байна гэлээ.

Монголын багш нарын VII их хурлын шийдвэр, уриалга болон багшийн хөгжлийг дэмжих тухай Засгийн газрын 145 дугаар тогтоолыг танилцуулав. Хичээл практикийн зардал болон хѳгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багшид ирэх есдүгээр сарын 1-нээс урамшил олгох, Багш ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт жилд нэг удаа үнэгүй оруулах зэрэг олон чухал асуудал Засгийн газрын тогтоолд туссанд орон нутгийн багш нар талархалтай байна.

Сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ Монголын төр засаг боловсрол, түүний дотор багш нараа орхигдуулж байгаагүй, хэдийгээр хангалттай хэмжээнд анхаарч чадахгүй байгаа ч ямагт төсвийнхөө 20-иод хувийг энэ салбарт зориулж, удаа дараа шийдвэр гаргаж ирсэн түүхтэй. Тухайлбал, 1996 оны багш нарын VI их хурлын үед цалинг нэмэх тухай биш цалинг цагт нь тавих тухай ярьж байсан, мөн Ө.Энхтүвшин сайдыг салбар удирдаж байх үед нэг компьютерт оногдох сурагчдын тоог бууруулах, багш нарыг хувийн и-мэйлтэй болгох зэрэг зорилт тавигдаж байжээ. Харин өнөөдөр сургууль, цэцэрлэгийн багш нэг бүрийг бүрэн компьютержуулах ажил эхлэх гэж байна гэдгийг онцлоод Монголын багш нарын их хурлын уриалга бол “багш нар багш нартаа хандсан уриалга” юм, Багш хэмээх эрхэм нэрээ хичээж ажиллаарай, та бүхний сэтгэл гэрэл гэгээтэй байвал Монголын ирээдүй гэрэл гэгээтэй байна гэв.

Уулзалтад Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасан нар оролцож, иргэдийн асуултад хариулж, мэдээлэл хийлээ. 

ШИНЭ МЭДЭЭ