Төсвийн нэг хувийг гамшгийн эрсдэлд зориулах ёстой
2019.04.24
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Төсвийн нэг хувийг гамшгийн эрсдэлд зориулах ёстой

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-тай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБ-ын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж болон бусад албаныхан,  нийслэлийн төрийн, төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагч, иргэдийн төлөөлөл оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж хэлэхдээ, “Энэхүү сургуулийг 29 жилийн дараа анх зохион байгуулж байна. Энэ удаагийн сургуулийн зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон ААН, албан байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, мөн байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд сургаж бэлтгэх, тэдний үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд оршино.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байгаа, ашиглаж болохгүй гэсэн дүгнэлттэй цөөнгүй обьект Улаанбаатар хотод байгаа юм. Энэ сургалтын явцад уг асуудлыг дахин судлан, дүгнэж, үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ард иргэдийн амь, амьдралтай холбоотой энэ чухал ажлыг шийдэхийн төлөө бид бүх шатандаа хүчин чармайх учиртай.

Цаашдаа гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд бид тухайн жилийн төсвийн нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулах ажилд төсөвлөн, зориулж хэвших ёстой. Гамшгаас урдчилан сэргийлэх ажил цаашид Засгийн газрын онцгой анхааралд байх болно” гэв.

Улсын хэмжээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 260 мянган удаа их, бага хэмжээгээр газар хөдөлжээ. 2005 оноос өмнө Улаанбаатар хотын орчимд жилдээ 200 орчим удаа газар хөдөлдөг байсан бол 2013 оноос 10 дахин нэмэгджээ. Харин 2019 оны эхний гурван сарын байдлаар, нийслэлд нийт 261 удаа газар хөдөлсөн байна. Энэ нь ноднингийн мөн үеэс 70 удаагийн тохиолдлоор нэмэгдсэн гэсэн үг юм.

ШИНЭ МЭДЭЭ