2019.04.25
Эдийн засаг, Худалдаа
Б.Баттөмөр: Чанаргүй зээлийг худалдаж авдаг компани байгуулна
Олон улстай харьцуулахад манай улсад аливаа зээлийн хүү хэт өндөр байдаг. Гэтэл энэ нь чанаргүй зээлтэй салшгүй холбоотой бөгөөд зохистой түвшинд хүргэх зүй ёсны шаардлагатай тулгарч эхэлжээ. Тухайлбал, банкны салбарт 33 орчим тэрбум төгрөг эргэлдэж байгаагийн 15 орчим хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байгаа аж. Үүнийг 12 жилийн өмнөхтэй харьцуулахад 35 орчим хувиар өссөн үзүүлэлт юм байна. Ийнхүү жил ирэх тутам чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа учраас тодорхой зохицуулалт хийх шаардлагатай гэж үзээд банк санхүүгийн салбарынхан хуулийн төсөл боловсруулж эхэлжээ. Энэ нь Актив удирдлагын компанийн тухай хууль бөгөөд холбогдох хэлэлцүүлгийг хийж эхэлсэн, ирэх сард УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан дээрх хуулийн ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨРТЭЙ ярилцлаа.
-Актив удирдлагын компанийн тухай хуультай болсноор чанаргүй зээлийн хэмжээг бодитоор бууруулж чадах уу. Өндөр ач холбогдолтой гэж үзсэн бие даасан хууль боловсруулж байгаа болов уу?
-Аль ч улсын эдийн засагт мөнгөний болон төсвийн бодлого гэж байдаг. Мөнгөний бодлогыг Төвбанкнаас хэрэгжүүлдэг. Үүний хүрээнд арилжааны банкууд болон бусад субьектийг хамруулан ойлгодог. Манай улсын өнөөдрийн банк санхүүгийн салбар дахь нийт зээлийн 15 орчим хувь нь “чанаргүй" ангилалд багтах болсон. 1.8 их наяд нь чанаргүй зээл, 0.8 их наяд нь хугацаа хэтэрсэн зээл буюу нийт 2.6 их наяд төгрөгийн муу зээл үүсчихээд байна. Тэгэхээр бид үүнд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай. Мэдээж зээлсэн, зээлдүүлсэн хоёр тал зохицож, барьцаа хөрөнгөөрөө тухайн зээлийг хаах, шүүхийн шатанд шийдэх зэрэг олон гарц бий. Олон улсын туршлагаас харахад үүнтэй зэрэгцээд Актив удирдлагын компанийн тухай хууль гэж бий. Энэ нь тухайн банк болон зээлдүүлэгчтэй тохиролцсоноор зээлийг нь шилжүүлэн авах боломж бүхий эрх зүйн орчныг бий болгодог. БНХАУ, ОХУ, БНСУ, Филиппин, Индонез зэрэг улсад ийм жишиг бий. Ийм хуультай болох нь мэдээж олон талын ач холбогдолтой. Манай улсад зээлдэгч, зээлдүүлэгчийн маргаан хамгийн уртдаа найман жил үргэлжилж байх жишээтэй.
Энэ төрлийн маргааныг 150 хоног буюу таван сарын хугацаанд эцэслэх ёстой гэж Иргэний хуульд заасан байтал үүнээс хэт давсан урт хугацаагаар сунжирдаг. Тэгэхээр Актив удирдлагын компанийн тухай хуультай зэрэгцүүлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага үүснэ.
Ер нь аливаа хуулийг боловсруулах, батлах, хэрэглэхдээ эдийн засгийн утгаар нь харах шаардлага үүсээд байгаа юм. Хууль зүйн утгаар нь авч үзэхээр найман жилийн дараа л сая нэг шийдэх нь байна шүү дээ. Гэтэл үүнийг эдийн засгийн утгаар харахаар бүхэл бүтэн найман жилийн дараа утга учраа алдсан байх жишээний.
Тийм учраас л бие даасан хуультай болж, дээрх байдлыг зохицуулъя гэж байгаа юм. Өргөн утгаараа бол Монгол Улсын макро эдийн засагт маш өндөр ач холбогдолтой. Цаашилбал, банкуудын чадавхыг дээшлүүлэхээс гадна зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Банкны зээл олгох чадамжтай холбоотойгоор аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой.
-Зээлдэгч, зээлдүүлэгч талын маргаан дээд тал нь найман жил үргэлжилж байна гэлээ. Актив удирдлагын компанитай болсноор жишээлбэл, энэ тоог хэд болгож бууруулах боломжтой гэж тооцоолсон бэ?
-Ямар ч байсан юуны түрүүнд хуулийн хийдлийг арилгая гэж байгаа юм. Монгол бол хүний эрхийг дээдэлдэг улс. Тиймээс тухайн иргэний үүрэг гэж бий. Үүний цаана улс орны эдийн засгийн хөгжил төдийгүй бусдын өмнө хүлээсэн үүрэг зэрэг олон асуудал бий.
Тухайлбал, өнгөрсөн хугацаанд банктай холбоотой шүүх хурал 20200 удаа хойшилсон байгаа юм. Үүнээс хүндэтгэн үзэх шалтгаантай нь 2000. Өөрөөр хэлбэл, 10 шүүх хурал тутмын нэг нь хүндэтгэн үзэх шалтгаантай, ес нь шалтгаангүй байна.
Тэгэхээр хууль эрх зүйн орчинд давхар шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болсон. Ялангуяа хоёр зээлдэгч, зээлдүүлэгчтэй холбоотой асуудлыг богино хугацаанд шийддэг болмоор байгаа юм.
-Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ жил ирэх бүр өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. Энэ нь ямар шалтгаантай вэ?
-Эхний ээлжид эдийн засгийн хөгжилтэй холбоотой.
Энэ тухайд нэг жишээ татахад, 2016 онд Монгол Улс үндсэндээ дефолт зарлах хэмжээнд хүрсэн шүү дээ. Үүнээс хойш буюу сүүлийн гурван жилийн хугацаанд томоохон өөрчлөлт гарч, эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрээд байна. Дээрээс нь инфляц тодорхой түвшинд хадгалагдаж байна, гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллар байснаа 3.8 тэрбум ам.долларт хүрлээ.
Гэхдээ эдгээр өөрчлөлт банкуудад эергээр тусах хугацаа хараахан болоогүй байна. Энэ утгаараа чанаргүй зээлийн хэмжээ өсч байгаа нь бизнесийн орчин таатай болоогүй, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа эдийн засгийнхаа ерөнхий төлөв байдалтай холбоотойгоор муу байна. Эдгээр шалтгаанаас үүдээд чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өсч байна. Ерөнхийд нь авч үзэхээр муу зээлийн дийлэнх хувийг аж ауйн нэгжийн зээл эзэлдэг, иргэнийх тун цөөн хувь.
-Чанаргүй зээл нэмэгдэж байгаагийн цаад шалтгаан нь нэг талаас өндөр хүүтэй холбоотой байх. Зээлийн хүүг бууруулах, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд бэлтгэж байгаа. Энэ хоёр хуулийн цаад агуулга давхардах юм биш биз дээ?
-Зээлийн хүүг бууруулах нь хугацаа хэтэрсэн зээлтэй цаад утгаараа холбоотой. Гэхдээ шууд холбож ойлгох нь өрөөсгөл. Зээлийн хүүг шууд бууруулахад боломж хомс. Макро эдийн засгийн ерөнхий төлөв байдал буюу эдийн засгийн сэргэлттэй холбоотой учраас болгоомжтой авч үзэх ёстой юм. Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн агуулга нь хадгаламжийн хүүг тодорхой түвшинд барих. Ингэснээр зээлийн хүүг бууруулах нөхцөл бүрдэнэ гэж үзсэн юм билээ. Гэхдээ энэ бол зөвхөн нэг л хэсэг нь шүү дээ. Нөгөө талдаа эдийн засгаа сайжруулж, хөгжүүлэх зэргээр олон талаас нь авч үзэж байж энэ бүхнийг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэх юм. Харин манай хуулийн гол агуулга нь чанаргүй зээлийг шүүхийн шатанд бус зээлдсэн, зээлдүүлсэн хүмүүстэй сууж байгаад зээлийг нь худалдаж аваад цааш зарах тухай ойлголт юм. Гэхдээ мэдээж үр ашигтай худалдах ёстой. Өөрөөр хэлбэл, аж ахуйн болон банк хоорондын үйл ажиллагаанд Актив удирдлагын компани бодит дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн үг. Энэ бол олон улсад байдаг жишиг.
-Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийг хэрхэн, яаж чанаржуулах талаар зохих хуулийн хүрээнд зохицуулж ирсэн. Одоо бие даасан компани байгуулж шийдэх гээд байгаа нь өнөөгийн хууль эрх зүйн орчин асуудлаа шийдэж чадахгүй хэмжээнд хүрсэн гэж ойлгох болох уу?
-Энэ бүхнийг Банкны тухай болон бусад хуулиар зохицуулж ирсэн л дээ. Төвбанкны зүгээс арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Үүний хүрээнд “Танай зээлийн хэмжээ зохих түвшнээс хэтэрсэн байна” гэх зэрэг анхааруулга, сануулгыг байнга өгч ажилладаг. Жишээлбэл,
Төвбанкны зүгээс Капитал банктай аль 2015 оноос хамтарч ажилласан ч үр дүн гараагүй учраас дампуурлыг нь зарлалаа шүү дээ.
Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд ч мөн адил зээлийн хэмжээ нь байх ёстойгоосоо хэтэрчихсэн байна. Тиймээс Монголбанк арилжааны банкуудад активын үнэлгээ хийх ёстой. Нийт зээлийн 15 орчим хувь чанаргүй болсон нь анхаарал татахуйц хэмжээнд хүрсэн. Ийм нөхцөл гэнэт үүсчихээгүй, олон жилийн турш хуримтлагдсан гэсэн үг шүү дээ. Тиймээс активын үнэлгээг сайн хийх хэрэгтэй.
-Энэ хуулийг баталж хэрэгжүүлснээр өнөөдөр 15 хувьд хүрээд буй чанаргүй зээлийг хэд болгож бууруулах боломжтой вэ, хэр хугацаанд?
-Хууль батлангуут төдөн хувь болж буурна гэж хэлэхэд амар биш. Ямар ч байсан ийм банк байгуулах нь олон улсад байдаг арга хэмжээ учраас хэрэгжүүлье гэж байгаа юм. Тухайлбал, зээлдэгч, зээлдүүлэгч хоёр тал маргаад, шүүхээр яваад ч асуудлаа шийдэж чадахгүй бол Актив удирдлагын компани тухайн зээлийг үнээр нь худалдаж авна. Ингэснээр хоёр тал хохиролгүй болох нь байна шүү дээ. Энэ бол талуудын асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх л арга.
-Банкийг ямар байдлаар байгуулах вэ, мэдээж төрийн оролцоо байх болов уу?
-Төрийн оролцоотой байна, гэхдээ төрийн өмч 20 хувиас хэтрэхгүй. Дээрээс нь үүнд гаднын хэд хэдэн улс оролцох сонирхлоо илэрхийлээд байна. Мөн дотоодын арилжааны банкуудаа оролцуулж таарна. Ингэснээр 80 хувь нь гаднын хүчид тулгуурласан, хамтын удирдлагатай компани байхаар төсөөлж байна.
-Хамтын удирдлагад хаанахын, ямар байгууллага багтах вэ? Гаднынхан оролцоно гэхээр хэт хамааралтай болчихгүй юү. Үүнээс үүдэх эрсдэлийг хэрхэн тооцоолсон бэ?
-Манай улсад байнга эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлдэг Азийн хөгжлийн банк Актив удирдлагын компани байгуулахад дүрмийн санд нь хөрөнгө оруулж, хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Олон улсын санхүүжилтийн корпорацаас мөн тодорхой хэмжээний хөрөнгө гаргах боломжтой гэсэн. Мэдээж дээрээс нь манай улсын арилжааны банкууд оролцожтаарна.
Цаашилбал, томоохон аж ахуйн нэгжүүд оролцохыг ч үгүйсгэхгүй. Ингээд хамтын удирдлагыг үүсгэн байгуулагчдаас ньтомилох төсөөлөлтэй байна. Өнөөдрийн байдлаар дүрмийн сан төд байна гэх мэт нарийвчилсан тооцоо алга. Дүрмийн сангийн доод хэмжээг Монголбанк тогтооно.
-Актив удирдлагын компани ямар зээлийг худалдаж авах юм бэ. Тодорхой үнийн дүн зааж өгөх үү?
-Мэдээж бүх зээлийг худалдаж авах үүрэг хүлээхгүй. Ямар зээлийг худалдаж авах вэ гэдгийг Актив удирдлагын компани өөрөө шийддэгээрээ онцлогтой.
-Бусад улс оронд үр дүнгээ хэр зэрэг өгсөн байдаг юм бэ. Ийм банк байгуулбал хэр удаан хугацаанд үйл ажиллагаа явуулахаар тооцоолсон бэ?
-Актив удирдлагын компанийг тодорхой хугацаатай байгуулдаг. Олон улсад 5,8,10 жилийн хугацаатайгаар байгуулсан байдаг юм билээ. Манай улсын хувьд хэчнээн төгрөгийн зээлийг хэвийн хэмжээнд оруулахаар ажиллах вэ гэдгээс хугацаа хамаарна гэсэн үг. Тэгэхээр 2.6 их наядын зээлийг хэдэн жилийн хугацаанд хэвийн болгож байсан туршлагыг харах нь байна. Манай улсын хувьд ямар ч байсан арван жилийн хугацаатай байгуулахаар тооцож байгаа юм. Цаашдаа мэдээж сунгаж болохоор хуульд тусгасан. Ирэх сарын дундуур хуулиа өргөн барьчихна. Намрын чуулганаар хэлэлцүүлээд 2020 оны нэгдүгээр сарын 1 гэхэд эдийн засагт шинэ орчин бий болгохоор ажиллаж байна.
М.Өнөржаргал