МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Энх-Амгалан: Транзит тээврийн тарифыг 50 хувь хөнгөлнө гэдгээ Хятадын тал бичгээр мэдэгдсэн
2019.04.29
Зам, Тээвэр

Б.Энх-Амгалан: Транзит тээврийн тарифыг 50 хувь хөнгөлнө гэдгээ Хятадын тал бичгээр мэдэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалын багийн бүрэлдэхүүнд явсан Зам, Тээврийн Хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа. 


-Айлчлалын үеэр зам, тээврийн салбартай холбоотой ямар ямар албан бичгүүдэд гарын үсэг зурагдсан талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д  хийсэн Төрийн айлчлалын хүрээнд хоёр бичиг баримтад гарын үсэг зурсан. Нэг нь, Налайхын 20.9 км авто замын зээлийн хэлэлцээрт "Экзим" банктай, нөгөөх нь Авто замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Зам тээврийн сайдтай уулзалт хийсэн. Энэ үеэр Эрээн боомтын нэвтрэх чадварыг сайжруулах тухай ярилцсан. Тус боомт одоогоор өдөрт 12 галт тэрэг авч байна. Манай шаардлага бол үүнийг 16-17 болгож байж хэрэгцээ хангагдана гэж үзэж байгаа. Зам дээр 4,000 орчим вагон зогсож байна. Тиймээс Эрээн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах шаардлагатай байна. 

Хоёрт, Ханги-Мандал боомтын асуудал яригдсан. Эрээн боомт нь хүчин чадлын хувьд цаашдаа чингэлэг тээвэр болон вагон тээврийн ачааны чиглэлд, Ханги-Мандалын боомт нь нурмаг ачаа буюу нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зөөх чиглэлээр ажиллахаар болж байна.

Мөн Гашуунсухайтын  төмөр замын асуудлыг мөн хөндсөн. Гашуунсухайтын төмөр замын асуудлаар бид цэгийн асуудлыг тохирох ёстой байгаа. Одоогоор 703, 704-р яригдсан. Энэ нь манайд баригдахад төвөгтэй. 28 метрийн өндөртэй 4,5 км урт гүүрэн байгууламж хэрэгтэй. Тийм учраас 699-р баганаар холбоё гэсэн саналыг тависан.

Агаарын хэлэлцээрийн асуудлуудыг шинэчлэн байгуулах асуудал ч яригдаж байгаа. Одоо бид агаарын тээврийн хэлэлцээрээр, Говь-Алтай аймгийн нутгаар шинэ агаарын хаалга нээх асуудал ярьж байна. Цаашдаа бид Хятадын долоон хот руу ниснэ. Гуанжу хот руу саяхан нисэж эхэллээ. Гуанжугийн нислэг эрэлт ихтэй байгаа талаар нисэхийн салбарынхан маань хэлж байсан. Цаашдаа Саняа буюу Хайнань, Шанхай хот руу нислэг хийх талаар ярилцах шаардлагатай байгаа.

-Засгийн газраас Гашуунсухайтын төмөр замыг барих шийдвэр гарсан. Уг ажил 2020 оноос эхэлнэ гэж байгаа. Түүнээс өмнө цэгээ тохирох шаардлагатай юм байна?

-Цэгийн асуудал бол өмнө нь 703, 704 гээд тохирчихсон байсан юм. Бидний зүгээс 699-р цэгээр явчихвал 207 км-ийн цэгээс цаашаа 18-хан км яваад гарчихаж байгаа юм. Тэнд давхар гүүрэн байгууламж байгуулах шаардлага байхгүй. Талаар явсаар байгаад гарчих юм. Хэрвээ 703, 704 цэгээр холбохоор бол Хятадын талаас гүүрэн байгууламж барих тусламж авах хэрэгтэй болно. Гүүрэн байгууламж барихад хоёр жилийн хугацаа шаардах юм. 699-р цэгээр тохирвол, 2020 онд багтаад ашиглалтад оруулах боломжтой гэж бодож байна. Бид энэ талаар одоо албан хүсэлтээ тависан. 

-Айлчлалаар тарифын хэлэлцээрийн асуудал яригдсан уу. Ямар түвшинд яригдаж байгаа вэ?

-Төмөр замтай холбоотой хоёр зүйл ярьсан. Нэгд, 50 хувийн хөнгөлөлттэй явах транзит тээврийн тарифын хэлэлцээрийг ярьсан. Хятадын тал үүнд албан ёсоор бичгээр хөнгөлнө гэсэн хариу өгсөн. Хоёрт, төмөр замын ачааны мэдээлэл солилцох гэрээ байгууллаа. Энэ нь илгээгч болон хүлээн авагч ачаагаа хаана явж байгаа талаарх мэдээллийг дэлхийн аль ч өнцөг буланд явж байгааг харах боломжтой болж байгаа юм.

-Тарифын асуудлаар албан ёсоор бичгээр хариу өгсөн гэж байна. Хоёр тал хэзээ албан ёсоор гарын үсэг зурах вэ?

-Энэ бол хоёр төмөр замын байгууллага солилцчихлоо гэсэн үг. Цаашдаа бид ОХУ-тай 25 жилээр байгуулж байсан шиг албажуулъя гэсэн бодолтой байна. 

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд гарын үсэг зурсан талаараа мэдээлэл өгөхгүй юу?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд гарын үсэг зурсан. Хятадын хөнгөлөлттэй зээл тусламжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй явагдана гэж үзэж байна.

-Гачууртын замын асуудлын талаар?

-Гачууртын 20.9 км замын ажил эхэлчихсэн явж байгаа шүү дээ. Одоогоор түр зам тавьчихсан, газар чөлөөлөх асуудал шийдэгдсэн. Засгийн Газраас 3.9 тэрбум төгрөгийг газар чөлөөлөх зардалд батласан. Энэ зам бол манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн нэг том бүтээн байгуулалт болж, арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Эдийн засгийн коридорын асуудал дээр төмөр зам, авто замын салбарт ямар ахиц гарав?

-Бид эдийн засгийн коридорын чиглэлээр дамжин өнгөрч буй ачааны хэмжээг нэмье гэдэг талаар аль аль талдаа ярьж байна. Төмөр зам өнгөрсөн онд хамгийн их буюу 25 сая тн ачаа тээвэрлэсэн. Энэ жил мөн адил ОХУ-ын талаас транзит тээврийн ачааны урсгалыг нэмэх талаар асуудал ярьж байгаа, ачаа нэмэгдэж байгаа. Тиймээс нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх тал дээр Хятадын төмөр замтай нэлээд том түвшинд тохироо хийх шаардлага гарч байна.

Эрээн боомтын асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Хятад улсын даргатай болон Ерөнхий сайдтай хийсэн уулзалтдаа дурдсан. Хоёр тал энэ асуудалд онцгой анхаарахаа хэлж байгаа. Хоёр дахь боомтын асуудлаа бид яаралтай тохирох ёстой. Тэгвэл бид энэ чиглэлээр гарах нурмаг ачаагаа Хятадын Цаофэйдиань боомтод аваачих хамгийн дөт зам Ханги-Мандалын төмөр зам болж байна. Цаашлаад авто тээврийн хэлэлцээрээ нарийвчлах шаардлага байгаа. Тээврийн хэрэгслүүд хил дээр солилцъё гэж тооцож байгаа юм. Замын-Үүд хүртэл манай толгой вагон чирээд явна, цааш нь Хятадын толгой вагон чирээд явчих юм. Хятадын толгой вагон манай Замын-Үүд хүртэл яваад, Оросын хил хүртэлх тээврийг монголчууд өөрсдөө хийнэ гэсэн үг юм. Тээврийн хэлэлцээрийг гурван талдаа тохирчихсон гэж ойлгож болно.

ШИНЭ МЭДЭЭ