"Эрдэнэс Тавантолгой"-н ТУЗ 1,072 хувьцаанд ногдол ашиг ТАРААХГҮЙ, том төслүүдээ санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ
2019.04.29
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

"Эрдэнэс Тавантолгой"-н ТУЗ 1,072 хувьцаанд ногдол ашиг ТАРААХГҮЙ, том төслүүдээ санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш болох гэж буйтай холбоотой тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ. Тус компани Засгийн газраас иргэдэд үнэгүй эзэмшүүлсэн нэгж хувьцаанд 25 төгрөг олгохгүй байхаар шийдвэрлэж, уг мөнгийг томоохон төслүүд буюу төмөр замын төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд төсөвлөсөн үйл ажиллагааны зардлуудаа танаснаар 700 орчим тэрбум төгрөгийг том төслүүдээ санхүүжүүлэхэд зарцуулах боломж бүрджээ.

Энэ талаар тус компани цахим хуудсаараа дамжуулан санал асуулга явуулахад 4,000 гаруй иргэн оролцсоны 68 хувь нь "Ногдол ашиг тараах мөнгөөрөө төслүүдээ хөдөлгө" хэмээн саналаа өгсөн талаар Б.Ганхуяг дурдлаа. 
"Эрдэнэс Тавантолгой" компанийн 2019 оны нэгдүгээр улирлын тайлан гарсан байна. 

2019 оны нэгдүгээр улиралд 4.2 сая тонн нүүр олборлож, 2.4 сая тонныг экспортолсон байна. Нийт 193.5 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Ийнхүү төлөвлөгөөгөө нэгдүгээр улирлын байдлаар 25 орчим хувиар давуулан биелүүлсэн аж.

ҮАБЗ, УИХ, ЗГ-аас санхүүгийн болон үйл ажиллагаан тогтвортой байдлыг хангах хүрээнд хэд хэдэн шийдвэр гаргаж, гурван том чиглэл хангаж ажиллах үүрэг өгчээ. 

  1. Олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаж, дэлхийн тавцанд өрсөлдөх үүрэг өгсөн.
  2. Дэд бүтцийн том төслүүдээ хөдөлдөгх, санхүүжүүлэх
  3. Олборлолт, эксдортоо нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх үүрэг өгсөн. 

Энэ гурван ажлыг хийх санхүүгийн боломж бүрдсэн. IPO гаргах хүрээнд найман зөвлөхөөс таван зөвлөхөө авсан бөгөөд хоёр нь ажлаа эхлүүлсэн байна. 

2019 онд төсвийн хөрөнгө оруулалтад 480 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байсныг ТУЗ тодотгол хийж, 397 тэрбум төгрөгийг нь танаж, 83 тэрбум төгрөгийг үлдээжээ. 

Андеррайтерын зардлыг 2019 оны төсөвт оруулсныг иргэд, хэвлэл мэдээлэл асуусан байдаг. Тендерийн тухай хуулийн дагуу тухай бараа ажил үйлчилгээг худалдан авахдаа 5-6 жил зарцуулах байсан ч тэр төсвийг нийтэд нь тусгадаг. Энэ дагуу 280 гаруй тэрбум төгрөгийг тавьсан байсныг хассан. 

Нийт 600 гаруй тэрбум төгрөгийг дэд бүтцийн том төслүүдээ санхүүжүүлэхээр ийнхүү танасан хэмээн Б.Ганхуяг мэдээллээ. 

Тодруулбал, 

  • Компьютер дагалдах хэрэгсэл, тавилга, эд хогшил - 4.5 тэрбум
  • Машин, техник тоног төхөөрөмж - 78.2 тэрбум төргө
  • IPO зөвлөх үйлчилгээний төсөв - 232.9 тэрбум
  • Барилга байгууламж худалдан авах - 47.5 тэрбум төгрөг 
  • Программ хангамж бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ - 34.4 тэрбум төгрөг тус тус танасан байна. 

Ийнхүү нийт танасан 700 орчим тэрбум төгрөгөөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын эхний ээлжин 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өөрсдөө хийхээр болжээ. "Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нүүрс боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн тээвэрлэх стратегийн чухал зам. Энэ зам ашиглалтад орсноор дөрвөн гарц нээгдэх бөгөөд нүүрснээс олж буй одоогийн орлого 4-5 дахин нэмэгдэнэ" хэмээн Б.Ганхуяг ярилаа.    

ШИНЭ МЭДЭЭ