ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ: 2019 онд ногдол ашиг хуваарилахгүй. БРАВО
2019.04.30
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ: 2019 онд ногдол ашиг хуваарилахгүй. БРАВО

Монголчууд бултаараа “Эрдэнэс Тавантолгой”  хэмээх нүүрсний компанийхаа хувьцаа эзэмшигч. Компани маань  өнгөрөгч 2018 онд гайгүй сайн ажиллаж ашиг орлого ч өндөр байгаа. Гадаад дотоодын бас бус өр ширээ дарсан, улсын төсөвт ахиухан хэмжээний орлого төвлөрүүлсэн гээд  ер нь амжилтын мэдээ арвинтай байгаа. Улсын төсвийн орлогын зургаан хувийг дангаараа бүрдүүлнэ гэдэг амар  хялбар зүйл биш байж таарна. 

Компанийн 85 хувийг эзэмшигчээс өгсөн үүргийн дагуу Эрдэнэс Тавантолгой компани вэб сайтаараа иргэдийн дунд “хөрөнгө оруулалтаа хийх үү, эсвэл бэлнээр авах уу” гэсэн асуулга явуулжээ. Асуулгад 4000 гаруй иргэн оролцож, 68 хувь нь хөрөнгө оруулалтаа хий гэжээ.

Бүр тодруулж харвал 2018 онд  “бидний” компани 11 сая тонн нүүрс олборлосон. 1.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаад 807.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.  Ийм хэмжээний ашигтай ажиллачихсан болохоор  хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа харуулдаж хараачлах нь буруу биш байх. Зарим нэг нь 1072 хувьцааг тойруулаад хэдийнэ улс төр хийгээд эхэлсэн. Ногдол ашиг эхлээд энэ оны нэгдүгээр улиралд тараагдана гэсэн мэдээлэл хөвөрч байснаа  оны эцсээр болж хойшилсон.  Одоо харин  2018 оны  борлуулалтын ашигт ногдол ашиг хуваарилахгүй гэсэн мэдээлэл дуулдаж байна. Энэ мэдээлэлд талархалтай хандах шалтгаан бий.  

“Эрдэнэс Тавантолгойн хувьцааны 85 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Төрийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа ТУЗ  ийм шийдвэр гаргасан гэдгийг  компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ талаар мэдээлжээ.  Тэр хүний хувьд ТУЗ-ийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тийм болохоор түүний энэ үгэнд эмзэглэж, элдэвлэх хэрэг огтхон ч байхгүй.

Шулуухан хэлэхэд  ТУЗ зөв шийдвэр гаргажээ.  Гэхдээ ийм шийдвэр гаргахыг иргэд өөрсдөө хүссэн хэрэг. Тодруулбал, компанийн 85 хувийг эзэмшигчээс өгсөн үүргийн дагуу Эрдэнэс Тавантолгой компани вэб сайтаараа иргэдийн дунд “хөрөнгө оруулалтаа хийх үү, эсвэл бэлнээр авах уу”  гэсэн асуулга явуулжээ. Асуулгад 4000 гаруй иргэн оролцож, 68 хувь нь хөрөнгө оруулалтаа хий гэжээ.

Иргэдийн хувьд төлөвлөж буй хөрөнгө оруулалтаа хийвэл дараачийн жилдээ ашиг нэмэгдэнэ гэж үзсэн нь энэ.

Яг энэ асуудлаар 1072 хувьцааны ногдол ашгаасаа татгалзаж, нүүрс тээврийн замдаа хөрөнгө оруулалт хийе гэсэн саналыг  ZALUU,COM сайт анх  нийтлэлээрээ хөндөж байсныг уншигчид санаж байж мэднэ.

Ирж буй тавдугаар сард Монголд  хэд хэдэн том бүтээн байгуулалт эхлэх гэж байна.  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам,  Улаанбаатар-Дарханы хатуу хучилттай замын өргөтгөл гэхчлэн.

Тавантолгойгоос Монголын өмнөд говийн томоохон уул уурхайн бүсээр дамжин Зүүнбаян хүрэх төмөр замын нийт урт 440 гаруй км урт бөгөөд энэ зам баригдснаар гадаад дотоод хоёр гарцад холбогдох давуу талтай. Энэ замын бүтээн байгуулалтыг “Эрдэнэс Тавантолгой”-н 2018 оны   ашгаас санхүүжүүлэхээр шийдвэрлэж байгаа  төдийгүй цэргүүдийг зам барих ажилд оролцуулах юм. Ингэснээр төмөр замын өөрийн өртөг хямдарч нэг км зам барих хөрөнгө бараг хоёр дахин буурч байгаа. Монголчууд  төмөр зам барьж чадна, үүний нэг жишээ нь Дорноговийн Нефть боловсруулах үйлдвэрийн  дэд бүтцэд мөн цэргийн албан хаагчид ажиллаж өдөрт 3 км зам тавьж байгаа явдал.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  БНХАУ-д хийсэн айлчлалын дараа Монголын нүүрсийг олон улсын зах зээлд хүргэх туршилтын ачилтыг энэ зун хийнэ гэж яригдаж байна.  Энэ бас сайн мэдээ. Ерөнхийлөгч сая айлчлалынхаа үеэр Хятадын  Цаофэйдянь боомттой танилцсан.  Дэлхийн  70 орны 110  боомттой холбогддог Бохайн боомтоор нүүрсээ гуравдагч зах зээлд гаргахад Зүүнбаян-Ханги чиглэл  болон Бичигтийн боомт  хүрэх төмөр зам чухал үүрэг гүйцэтгэнэ. 

Ер нь бид замаа шийдвэрлэчихвал ОХУ  төмөр замаараа хөнгөлттэй  тарифаар тээвэрлэнэ гэдгээ хэдийнэ мэдэгдчихсэн байгаа, манай урд хөршийнхэн ч бас  транзит тээврийг 50 хувь хөнгөлөх тухайгаа албан бичгээр мэдэгджээ. Бүх боломж байна. Тэгэхээр одоо өөрсдөөсөө шалтгаалах дэд бүтцээ даруй эхлүүлмээр байгаа юм.

Энд шаардлагатай хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компани хийнэ.

Үүний тулд иргэд маань эхний удаад энэ жилдээ Эрдэнэс Тавантолгойн  1072 хувьцааныхаа ногдол ашгаас  эх орончоор татгалзаж, элдэв хэл ам үүсгэлгүй, улс төржүүлэлгүй бүтээн байгуулалтад зориулах боломжийг нь олговол тэр бид бүхний оруулж буй хөрөнгө оруулалт болно гэсэн үг.  Хэрэв төлөвлөж буй төмөр зам дэд бүтцээ барьж байгуулаад авбал  Монгол Улс жилдээ 60 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ. 

Энэ үед иргэдэд хуваарилагдах ногдол ашийг хэмжээ одооныхоос олон оронтой тоогоор илэрхийлэгдэх нь зайлшгүй.

Г.Хантулга

ШИНЭ МЭДЭЭ