Б.Ганхуяг: Сайжруулсан түлш утааг 50-60 хувь бууруулна
2019.04.30
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Ганхуяг: Сайжруулсан түлш утааг 50-60 хувь бууруулна

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 2.5 сая хувьцаа эзэмшигчийн хурал өнөөдөр болно. Үүнтэй холбогдуулан тус компаниас энэ оны эхний улирлын тайлан болон цаашдын бодлогын талаар мэдээлэл өгсөн юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн яриаг хүргэе.


 

-“Эрдэнэс Тавантолгой” компани оны эхний улиралд хэрхэн ажиллав. Төлөвлөснөөс хэр зөрүүтэй үр дүн гарав?

-“Эрдэнэс Тавантолгой” компани 2019 оны эхний улиралд 4.2 сая тонн нүүрс олборлож, 2.4 сая тонн нүүрс экспортолсон. Мөн борлуулалтын орлого 741 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт 193.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2018 оны цэвэр ашгаар дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдээ хөдөлгөхөөр болсон. Тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Конвейрийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станц зэрэг төслүүдийн анхны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

-Төсөл хөтөлбөрүүдээ хэрхэн хөдөлгөх вэ. Хөрөнгө санхүү хангалттай бий юу?

-Томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхтэй холбоотойгоор төсөвтөө тодотгол хийж, оффисын барилга, автомашин, компьютер тоног төхөөрөмж худалдан авах зэрэг хөрөнгө оруулалтын зардлуудаа 400 гаруй тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гаргасан.

Тодруулбал, компьютер тоног төхөөрөмж авах төлөвлөгөөнөөс 4.5 тэрбум, машин тоног, төхөөрөмжид зарцуулахаас 78.2 тэрбум, IPO зөвлөх үйлчилгээний төсвөөс 232.9 тэрбум, барилга байгууламжид зарцуулах мөнгөнөөс 47.5 тэрбум төгрөг, программ хангамжаас 34.4 тэрбум төгрөг танасан.

Мөн УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу олон улсад IPO гаргах бэлтгэл эрчимтэй хийж байна. Тендерийн хуультай холбоотойгоор олон улсын зөвлөх шалгаруулж авах зарим ажил түр хойшлогдсон ч мэдээллийн нэгдсэн бааз үүсгэх, бичиг баримт боловсруулалт, гүйцэтгэлийн бусад ажлууд өндөр хувьтай байна. Одоогоор компани жилд 15 сая тонн нүүрс олборлож байгаагийн 35 сая тоннд хүргэхээр зорьж байна. Нүүрс боловсруулах үйлдвэрээс гарах бүтээгдэхүүнийг 30 сая тоннд хүргэнэ. Ингэж томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр дөрвөн жилийн дотор компанийн борлуулалтын орлого 2.1 тэрбум ам.доллар хүрч, компанийн цэвэр ашиг 957 сая ам.доллар, 564 сая ам.долларын татварыг улсад, ногдол ашигт 800 сая ам.доллар төвлөрүүлнэ гэж тооцоолсон. Үүнийг дагалдаад 200-300 мянган ажлын байр бий болж, “Эрдэнэс Тавантолгой”-г түшиглэсэн Эрдэнэт шиг суурьшлын бүс байгуулах ажлыг 2019 онд эхлүүлэх юм.  Мөн энэ онд компанийн 30 хувийг IPO  хэлбэрээр олон улсын зах зээлд гаргана.

-Олон нийтэд шүүмжлэл дагуулаад байсан компанийн байр болон маркетингтай холбоотой зардлаа танасан гэсэн үг үү?

-Манай компани байраа түрээсэлдэг.  Түрээсэнд 6.8 тэрбум төгрөг зарцуулаад байна. Аливаа орны стратегийн компани А бүсэд маш том байртай байдаг. 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс Тавантолгой” компани түрээсийн байранд байна гэдэг учир дутагдалтай. Гэхдээ байр барих төсвөө танасан. Мөн 302 тэрбум төгрөгийг маркетингийн үйл ажиллагаанд зарцуулахаар болсон гэж яригдаж байгаа. Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр шүү. Үүнийг татвар гэж ойлгох хэрэгтэй.

-Хот байгуулах талаар тодруулахгүй юу?

-Тавантолгойн бүлэг ордыг хөгжүүлэх ТЭЗҮ-г  1983-1985 онд ОХУ-ын институт боловсруулсан. Уг ТЭЗҮ-гээр 50 мянган хүн амд зориулсан хот байгуулах төлөвлөгөө бий. Гэхдээ одоогийн шинэчилсэн ТЭЗҮ-гээр 100 мянган хүн амын суурьшлын бүс болгохоор болсон. Учир нь, зөвхөн Цогтцэций сум гэхэд 20 мянган хүнтэй, төмөр зам, цахилгаан станц гээд зэрэг байгууламжид ажиллах хүн нь 15 мянгаас 21 мянгад хүрч байгаа. Үүнийг тооцвол 100 мянган хүнтэй суурьшлын бүс байх шаардлага тулгарч байгаа.

Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам багтаж байгаа. Монгол Улс нүүрсээ түүхийгээр нь экспортлох бус эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортлох зорилго тавьсан. Бид Зүүнбаян-Сайншанд  чиглэлийн төмөр замаар эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилго тавьсан. Энд усны асуудал хүнд байдаг тул кокс, химийн үйлдвэр байгуулах шаардлагатай. Коксын үйлдвэрээр дамжуулж жилд 10 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах юм. Ингэснээр нүүрснээс олж буй орлого 4-4.5 дахин өсөх боломжтой.

-Ирэх сараас нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон.  Сайжруулсан түлшний хэрэглээг бүрэн хангаж чадах уу?

-Улаанбаатарыг утаанаас салгах ажилд компани нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавантолгойн түлш” компанийг санхүүжүүлж, үйл ажиллагааг нь дэмжиж байгаа. Нийслэлд буй 280 мянган яндан жилд 1.4 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг.

Анх жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч эрсдэлийг тооцоод 800 мянган тонн түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Одоогоор Тавантолгойгоос нүүрс зөөж байгаа ч тавдугаар сарын 15-наас хойш  сайжруулсан түлшийг Улаанбаатарт нийлүүлнэ. Энэ ажил төлөвлөгөөний дагуу 90 орчим хувьтай яваа. Утаагүй түлш буюу сайжруулсан түлш нийлүүлснээр 2019-2020 онд утаа 50-60 хувь багасна. Үүнийг баталгаатай хэлье. Өмнөх түлштэй харьцуулах зүйл байхгүй. Тавантолгойн нүүрс нь маш өндөр зэрэглэлийн коксжих чанартай нүүрс. Өөрөөр хэлбэл, утаа маш бага гардаг. Сайжруулсан түлшний эхний 10-15 минутад л бага зэргийн утаа гарна. Хүний биед хоргүй гэдгийг 24 төрлийн шинжилгээгээр БНСУ, БНХАУ, Японы эрдэмтэн судлаачид тогтоосон. Гуравдагч зах зээл дээр нийлүүлэхэд чанарын шаардлага хангасан түлш юм билээ.

-1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг хэзээ олгох вэ?

-Ногдол ашиг нь ТУЗ-ийн шийдвэрлэх асуудал буюу 85 хувийг эзэмшиж байгаа хүмүүсийн шийдвэрлэх асуудал. Иргэдээс санал асуулга явуулахад ногдол ашгийг энэ жил хуваарилалгүйгээр бүтээн байгуулалтад зарцуулах нь зүйтэй гэж үзсэн. Компани цахим хуудсаараа дамжуулан санал асуулга явуулахад 4000 гаруй иргэн оролцсоны 68 хувь нь “Ногдол ашиг тараах мөнгөөрөө төслүүдээ хөдөлгө” гэсэн санал ирсэн.

-Энэ жил ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

-2019 онд борлуулалтаар 2.1 их наяд төгрөг, улсын төсөвт 516 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй. Үүнээс 193 тэрбумыг нь төвлөрүүлээд байна. ТЭЗҮ-ийн хувьд  нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр зам, авто замд хөрөнгө оруулалтаа хийгээд эхэлсэн. Энэ ажил нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ 20 сая байсныг 30 сая болгосон. Энэ онд ТЭЗҮ-г шинэчлэх ажил орсон байгаа. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд 700 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замд 7.7 тэрбум төгрөгийг эхний ээлжид зарцуулна. Үүнд ТЭЗҮ-г шинэчлэх ажил багтаж байгаа. Одоогоор ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. 

ШИНЭ МЭДЭЭ