2019.05.02
Улстөр

Л.Оюун-Эрдэнэ: АТГ улс төрийн алиа салбадай болчихсон байсан шүү

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчидээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Түүхэн эгзэгтэй цагт чухал томилгоо болж байна гэж бодож байна. Магадгүй нийгмийн хүлээлтэнд хүрэхээр хэмжээнд сайн ажиллаж чадахгүй бол АТГ бараг татан буугдах байх. Иргэд итгэхээ больсон би өмнөх дарга нар сайн ажилласан гэдэгтэй санал нийлэхгүй байна.

Ардчилсан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед хүн амины хэрэгт зохиол бичиж түүндээ нэр бүхий хүнээр хүчээр тамлан ял хүлээлгэсэн байх магадлалтай нөхцөл байдал илэрч байна. Ардчилсан үндсэн хуультай оронд хүний эрхийг ингэж зөрчинө гэдэг аймшигтай зүйл шүү.

АТГ яг улс төрийн нам шиг ажилладаг болсон байсан шүү. Намрын чуулган нээгдэхээр нэг хүний баривчилгаа хаврын чуулган нэг хүний баривчилгаа, баривчилсан хүнтэйгээ хоолонд орно, яг үнэндээ АТГ улс төрийн алиа салбадай болчихсон байсан шүү.

Гадаа 30 хэмийн хүйтэнд олон мянган иргэд цуглаж энэ тогтолцоонд итгэл алдарч байгаагаа илэрхийлсэн үр дүнд та нар томилогдож байна гэдгийг бүү мартаарай. Чадахгүй бол та нар ахиад солигдоно гэдгээ ч бас бүү мартаарай. Нийгэмд хүлээлттэй байгаа хэргүүдээ шийдвэрлэх дээр анхаарч ажиллаарай сургуулийн захирал барьж хорих гэх мэт жижиг зүйл дээр битгий бяр харуулаарай АТГ гэдэг бол албан тушаалтаны хэрэг шалгадаг байгууллага. Томилж буй хүмүүстээ биш төрийн сүлд тугандаа залбирч маш хариуцлагатай ажиллаарай. Засгийн газар хамтарч ажиллана. 

ШИНЭ МЭДЭЭ