2019.05.09
Барилга, Хот байгуулалт

“Хот төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

Хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа буюу хот дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын болон орон нутгийн хэмжээнд иргэдийн газар, эд хөрөнгө өмчлөх эрхийг хангах, шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхийн зөрчлийг бууруулах, таслан зогсооход хувь нэмэр оруулах зорилгоор Монголын Эмнести Интернэшнл байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын Холбоо, Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургууль хамтран 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Хот төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” сэдэвт үндэсний Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илгээлт ирүүлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар нээж үг хэлэн оролцлоо. Уг арга хэмжээ "Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбоотой бодлого, зохицуулалт", "Шударга нөхөх олговортой холбоотой зохицуулалт, хэрэгжилт", "Төсөл хэрэгжүүлэгч талуудын бодитоор зөвлөлдөх, иргэдийн оролцоо, газар чөлөөлөлттэй холбоотой анхаарах асуудал", "Төсөл хэрэгжүүлэгч талуудын хүний эрхийн сургалтын хэрэгцээ, шаардлага" зэрэг 4 хэсэг асуудлын хүрээнд төр, хувийн хэвшил, иргэн, хүний эрхийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, хуульч, судлаач зэрэг олон талын байр суурийг сонсч, шийдвэрлэх гарц, арга замыг хэлэлцлээ.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх харилцааг зохицуулж байгаа хууль, тогтоомжийн зөрчлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулах үүднээс орон байртай байх эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох, Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, зарчимд нийцүүлэн боловсронгуй болгох, шударга нөхөх олговрын хэмжээг тогтоож буй эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, ингэхдээ газар, өмчийн зах зээлийн үнээс гадна өмчийн эрх, эдийн бус ашиг сонирхлыг харгалзан үзэх нөхөх олговрын талаарх суурь харилцааг хуулиар нэг мөр тусгайлан зохицуулах;

Хот төлөвлөлтийн нөлөөлөлд өртөж буй иргэд, болон нутгийн захиргааны байгууллагын хоорондын үл ойлголцох байдал, мэдээллийн агуулга, хэмжээний хэт зөрүүтэй байдлыг арилгах, иргэд, олон нийтийн бодитой оролцоог хангаж тухайн төслийн төлөвлөлт, үйл явц, хэрэгжилтийн талаарх мэдээллийн нэгдсэн сан бий болгож, иргэдэд мэдээлэл хайх, олж авах, хяналт тавих нөхцөл, боломжийг бүрдүүлэх;

Төсөл хөтөлбөрүүдэд хяналт тавих, хариуцан хэрэгжүүлэх төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид, төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдэд хүний эрхийн, хүн бүрийн орон байртай байх эрхийн суурь зарчим, хэм хэмжээний талаар тусгайлсан сургалт явуулах хэрэгцээ шаардлага байгаа юм.

Дашрамд мэдээлэхэд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2018 онд УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 17 дахь илтгэл"-д хот дахин төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн асуудлыг тусгаж, УИХ-аар шийдвэр гаргуулахаар дараах саналыг хүргүүлсэн билээ.

Үүнд:

  • Хот төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн хүрээнд газраа чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгөгүй болж хохирсон иргэдийн хохирлыг нэн даруй барагдуулах арга хэмжээ авах;
  • Хот суурин газрыг хөгжүүлэх харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох иргэдийг амьдрах байраар хангасан нөхцөлд газар чөлөөлж үл хөдлөх эд хөрөнгийг буулгах, гэрээгээр тохирсон хугацаанд байр олгоогүй нөхцөлд үүрэг хүлээсэн төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж бүрэн хариуцдаг зохицуулалттай болох шаардлагатай байна.

Одоогоор уг асуудлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хорооны хуралдаануудаар авч хэлэлцсэн ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгааг Үндэсний Зөвлөлдөх уулзалтын үеэр хөндөж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ