МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Цаатан” цогцолбор байгуулах тал дээр анхаарч ажиллахыг УИХ-ын гишүүнээс хүсэв
2019.05.10
Орон нутгийн хөгжил

“Цаатан” цогцолбор байгуулах тал дээр анхаарч ажиллахыг УИХ-ын гишүүнээс хүсэв

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Орон нутаг судлах музейн үйл ажиллагаатай танилцав.

Тус музей өөрийн гэсэн байргүй  нийтийн номын сангийн байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ жил түүхт 70 жилийн ойтойгоо золгож буй. Өөрийн гэсэн байргүйн улмаас нийт үзмэрийн 40 орчим хувийг дэлгэн үзүүлж бусдыг нь сан хөмрөгтөө хадгалж байна. Цаашид музейн барилга болон “Цаатан” цогцолбор байгуулах тал дээр анхаарч ажиллахыг УИХ-ын гишүүнээс хүсч байв.

Л.Мөнхбаатар “Төсвийн хүндрэлтэй байгаа учраас эхний ээлжинд аймаг орон нутагт нэн шаардлагатай байгаа эмнэлэг, цэцэрлэг, сургууль зэрэгт хөрөнгө оруулалт хийж байна. Цаашид дэс дараатай бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлнэ. Түүхт ойн арга хэмжээнд тусална. Орон нутаг судлах музейд зайлшгүй байх үзмэрийн нэг бол Хотгойдын баатар Чингүнжавын танхим юм. Эх нутгийнхаа төлөө алтан амиа өргөсөн энэ хүнийг бид бахархан сурталчилж хойч үедээ таниулан үлдээх учиртай. Энэ тал дээр хамтран ажиллана” гэдгийг хэлж байлаа.

Тус аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинетыг байгуулж 1967 онд Орон нутаг судлах музей болсон бөгөөд энэ үед музейн сан хөмрөг 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байжээ. 1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байжээ. 2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай, үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

ШИНЭ МЭДЭЭ