2019.05.13
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”
Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тохиодог.
УИХ гишүүн Б.Саранчимэг Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байх хугацаандаа мод үржүүлгийн талбайг санаачлан үүсгэн байгуулсан. 2013 оноос хойш зургаан жил үрээр үржүүлсэн "Гүйлс" хэмээн алдаршсан Монгол сакураг Баянзүрх дүүргийн 4,5,14 дүгээр хороодын иргэдийн хамт тарьж, өмнөх жилүүдэд тарьсан моднууддаа усалгаа хийж арчиллаа.
Хаврын мод тарих арга хэмжээг эхлүүлж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг эзэлдэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг 2011 онд гардан гүйцэтгэж байсан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хотын иргэн бүрт эрүүл агаар, мод бүрт ус бэлэглэх сайн үйлсийг дахин үргэлжлүүлж, шинээр цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар идэвх санаачилгатай ажиллаж байна.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн сонгогдсон тойрог болох БЗД-ийн 4-р хороонд шинээр бичил цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулагдахаар болсон байна.