МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойргийноо эрүүл мэндийн байгууллагад ажиллалаа
2019.05.13
Эрүүл мэнд

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойргийноо эрүүл мэндийн байгууллагад ажиллалаа

Даатгалын сангаас авч байгаа санхүүжилтийг нэмэгдүүлэхийг хүслээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ажиллахдаа хамгийн их иргэн үйлчлүүлдэг "Далайн элбэрэлт" өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр эмч нар өрхийн эмнэлэгт нийгмийн даатгалын сангаас нэг хүнд 3000 төгрөгөөр тооцож олгодог санхүүжилтыг 5000 төгрөг болгож нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэллээ. Одоогоор олгож байгаа 3000 төгрөг хүрэлцдэггүй.

Зарим үед алслагдсан сумын оршин суугчаас дуудлага ирэхэд эмнэлгийн машинд бензин хийгээд л таардаг байна. Мөн Өрхийн эмнэлгийн эмч нар маш их ачаалалтай ажилладаг хэрнээ Нэгдсэн эмнэлгийн эмч нар болон хөдөө сумдын эмч нараас хамгийн бага цалин авдаг. Эмч нар нэг хүн үзээд онош, жороо бичдэг, бичиг цаасны ажил их байдаг зэрэг олон асуудал байгааг УИХ-ын гишүүнд хэлсэн юм.

Тус эмнэлгийн хамт олон Мөрөн сумын 9,10,11,14-р багийн 11300, дээр нь түр оршин суугч 2600 нийт 13000 иргэнд үйлчилгээ үзүүлж байна. 

Энэрэл өрхийн эмнэлгийг өргөтгөх шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Мөрөн суманд ажиллах үеэрээ "Энэрэл" өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус эмнэлэг Мөрөн сумын 7, 8, 13-р багийн үндсэн 9800, түр оршин суугч 1200 гаруй иргэдэд үйлчилж байна.

Тус өрхийн эмнэлгийн барилга 120 мкв стандартын шаардлага хангасан өрөө тасалгаагүй, үйлчлүүлэгч иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учраас урсгал засвар болон өргөтгөл яаралтай хийх шаардлагатай байгааг эмч нар хэлж байв. Мөн дуудлага болон эргэлтээр явах унаагүйн улмаас иргэдийн дуудлага ирсэн бүрт хурдан очиж чаддаггүй, нийтийн тээвэр явдаггүйн улмаас эмч, эмнэлгийн ажилчид таксигаар ажилдаа ирж очдог, интернэт сүлжээний хурд удаашралтай тул шилэн кабельд холбуулах шаардлагатай зэрэг олон асуудал байгаа хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар эмч, эмнэлгийн ажилчдын санал хүсэлтийг сонсч тулгамдаж буй асуудлуудыг холбогдох газруудад уламжлан хамтарч ажиллана гэдгийг хэлээд, өрхийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа сахар, даралт, утлагын аппарат, бумба, эмч нарт зориулж амин дэмүүдийг гардуулж өглөө. Энэрэл өрхийн эмнэлэгт 4 эмч, 4 сувилагч 3 туслах ажилтан ажилладаг бөгөөд нэг эмч өдөрт 40-50 хүнд үйлчилж ачаалал ихтэй ажилладаг ажээ.

ШИНЭ МЭДЭЭ