Д.Сумъяабазар: Улстөрчид өө, Тавантолгойгоос савраа тат
2019.05.16
Уул уурхай, Ашигт малтмал

Д.Сумъяабазар: Улстөрчид өө, Тавантолгойгоос савраа тат

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Уул уурхайн салбар 2019 оны эхний 4 сарын байдлаар улсын төсөвт 981.0 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.  Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны эхний 4 сард 5.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 806.2 тэрбум төгрөгөөр буюу 17.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 3.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 678.7  тэрбум, үүнээс нүүрс олборлолт 566.4 тэрбум , металлын хүдэр олборлолт 134.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 73.5 хувийг эзэлж байна. 

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 4 сарын гүйцэтгэлээр 4.3 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 570.9  сая ам.доллараар буюу 15.4 хувиар өссөн. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 745.8 сая ам.доллараар эерэг гарсан байна” хэмээн товчхон мэдээлсэн юм.

Түүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Оюутолгойн хувьцаа эзэмшигчдийн хурал Торонто хотод болж, нэлээд ширүүхэн өрнөсөн талаар гадны хэвлэлүүд мэдээлж байна. Мөн Засгийн газрын зарим сайд нарын хариуцлагатай мэдэгдэл, үйлдэлтэй холбоотой асуудлууд ч үүсч магадгүй болчихлоо. Энэ талаар яамны зүгээс ямар байр суурь баримталж байгаа вэ?

-“Дубайн гэрээ”-г бид зөвтгөөд байгаа юм ерөөсөө байхгүй.  Энэ гэрээг засварлах, хэрэгжилтийнх нь талаар ярилцах шаардлагатай гэвэл бид “Рио Тинто” болон “Оюутолгой”-той нэмэлт гэрээ хийх боломж би гэж харж байгаа. Гэрээг цуцална гэвэл 17 мянган ажлын байрны асуудал яригдана. 17 мянга бол шууд ажлын байр. Шууд болон шууд бусаар бий болгож байгаа ажлын байр 45 мянга байна. Хоёрдугаарт, 700 гаруй аж ахуй нэгж туслан болон бусад ажлыг гүйцэтгэж байгаа. Тиймээс бид ажлын байраа хамгаална. Иргэдээ бид ажилтай  болгох ёстой. Оюутолгойн гэрээг Монгол Улсын Засгийн газар, цаашлаад иргэд нь юу гэж харж байна гэдгийг Олон улс анхааралтай ажиглаж байгаа. Хамгийн чухал нь ажлын байр шүү. Энэ төсөл зогсвол, зогсоовол эцсийн эцэст хариуцлага хэн дээр буух юм. 17 мянган иргэний амьдрал ахуйг бид яах ёстой вэ. 700 гаруй аж ахуйн нэгжээ яах ёстой юм. Гэрээг цуцлах ёстой гэсэн өнгө аястай зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд багагүй нийтэлж байна. Гэрээний талаар бид ухамсартай, соёлтой, хариуцлагатай яримаар байна шүү. 

Олон улсын түвшинд Монгол Улс нэр хүндээ бодох ёстой. Далд уурхайн бүтээн байгуулалтыг гэрээнийхээ дагуу л цагт нь эхлүүлэх хэрэгтэй. Цахилгаан станц барих ажлыг ч Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээний дагуу эхлүүлэх ёстой.  Гадны хөрөнгө оруулагчдын ажлыг хийлгээд, шахаад, дээрээс нь Монгол Улсад орж ирэх өгөөжийг наашуулаад, улсынхаа нэр хүндийг Олон улсад хамгаалж гарах нөхцөл байдал үүссэн. 2020 оны сонгууль ч дөхөж байна. Үүнтэй холбоотойгоор “Оюутолгой”-г барьж улс төр хийдэг. Шантааж хийдэг, янз бүрийн юм ярьдаг байдал сүүлийн үед хавтгайрлаа. Би өмнөх Засгийн газрын үед хийсэн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу “Дубайн гэрээ”-г зөвтгөж байгаа юм огт байхгүй.   Гэрээг бид сайжруулах, хэрэгжилтэд нь хяналтаа тавих ёстой. Хэрэгжилтийн биелэлтийг ажлын хэсэг гаргаж шалгуулаад, дүгнээд, шаардлагатай бол нэмэлт гэрээний асуудал ярихад “Рио Тинто”-гийн талд ширээний хоёр талд суухад бэлэн байх ёстой гэж би бодож байна.

“Оюутолгой”-н ил уурхайн ажил 2013 оноос эхэлсэн. Харин далд уурхайн бүтээн байгуулалт одоо ид өрнөж байна. Яагаад далд уурхайд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна вэ гэхээр, нийт баялгын 80 хувь нь газрын гүнд байгаа. 1500 метрийн гүнээс хамгийн сүүлийн үеийн технологиор баялаг олборлох гээд байна. 2021 он гэхэд далд уурхайн бүтээн байгуулалт дуусах ёстой. Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” ямар өгөөж өгсөн бэ гэдэг асуулт үргэлж гарч ирдэг.  2010 оноос 2018 оны дуустал 1.5 тэрбум ам.долларыг ашигт малтмалын нөөц ашигласны татварыг өгсөн. Өнгөрсөн жил гэхэд төсвийн орлогын 7 хувийг дангаараа бүрдүүлсэн. Далд уухайн бүтээн байгуулалт 2016 онд эхэлсэн. 2021 онд дуусгана гэдэг төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. 2015 онд баталсан ТЭЗҮ-ээр бол үндсэн зээл болон хүүгээ 2029 онд төлж дуусаад, ногдол ашиг хуваарилах боломжтой болно гэсэн тооцоотой байгаа. Монголчууд “Оюутолгой”-г “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулдаг. Гэтэл “Эрдэнэт” 20 гаруй жилийн дараа л анхны хөрөнгө оруулалтаа нөхөж, Монголын тал давамгайлсан хувь эзэмшсэн байдаг. Тиймээс “Оюутолгой”-н өгөөжийг урт хугацаанд харах хэрэгтэй. 

-Тавантолгойн ордын 30 хувийг гадаадын хөрөнгийн бирж дээр зарж, мөнгө босгоно гээд байгаа. Хэчнээн төгрөгийн хөрөнгө босгон гэж тооцож байгаа  вэ. Нөгөө талаар Тавантолгой 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Жилдээ 15 сая тонн нүүрс экспортлоод тэрбум ам.долларын ашиг олох боломжтой нь харагдлаа. Ийм байхад заавал 30 хувийг нь хувьцаа хэлбэрээр зарах хэрэг байгаа юм уу?

-Нэгдүгээрт, Тавантолгойн нөөц 6.4 биш 5.1 тэрбум тонн шүү. Гэхдээ энэ яг батлагдсан нөөц биш. Илүү нарийвчилсан хайгуулж хийж, баталгаажуулах ёстой. 30 хувьд нь IPO  гаргах ёстой юу гэж байна. Бид үнэхээр мартамхай юм. 2015 онд бид ямархуу хүнд байдлыг тууллаа, улсаараа. Эдийн засаг яаж хүндэрлээ. Гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвар буурч, хүнд хүнд цохилтуудыг дараалан авсан. Энэ бол дэд бүтцийн бүтээн байгуулалт байхгүйтэй холбоотой. Нүүрс гаргах ганцхан гарцтай, тэр нь Гашуунсухайт.  100 тоннын даацтай автомашинууд явах боломжтой хоёр дахь гарцаа ч бид шийдвэрлэж чадаагүй байна. Усныхаа асуудлыг шийдэж, эцэслээгүй. Эрчим хүчний дутагдлаа шийдэж чадаагүй. Нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийнхээ төсөл, хөтөлбөрийг эхлүүлж чадаагүй хэвээрээ л байна. Бид энэ хэвээрээ, ашигт малтмалын мөчлөг дагаад яваад байж болно оо. Нүүрсний үнэ боомт дээрээ 210 ам.доллар байх шиг байна. Дэлхийн эдийн засаг хямарч, агшилт бий болбол ашигт малтмалын үнэ гарцаа байхгүй унана.  Үүнийг бид төсөөлж, тооцож байх ёстой. 

2019, 2020 онуудад дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ ханш харьцангуй тогтвортой байх талаар шинжээчид мэдээлж байна. Цаашлаад Хятад болон Америкийн хоорон дахь худалдааны маргаантай асуудал сунжрах төлөв рүүгээ орчихсон. Тиймээс бид уул уурхайн үр өгөөжөө нэмэгдүүлье л гэвэл бодьтой хөрөнгө оруулалтаа босгох цаг болсон. Энэ зээл биш шүү. Охин компаниараа дамжуулж “Эрдэнэс Таван Толгой” өөртөө хөрөнгө оруулалт татах л асуудал байгаа юм. Энэ хөрөнгө оруулалтыг Гашуунсухайтын төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, авто зам, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулна. Цаашлаад уурхайн төлөвлөлтийг Олон улсын стандарт шаардлагад хүргэх, хайгуулын ажлаа өргөжүүлэх ажлыг ч хийх шаардлагатай. Энэ олон төсөл хөтөлбөрийг IPO хийж, хөрөнгө оруулалт татсаны дараа хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. 

30 хувиараа хөрөнгө оруулалт татахад хамгийн чухал нь засаглалын асуудал. Тэр хөрөнгийг хэн удирдах вэ гэдэг нь хамгийн чухал. Тиймээс компанийн засаглал Олон улсын стандартад хүрсэн байх ёстой.  Биржийн шалгуурыг давж чадах тэнхээтэй байх ёстой юм. Наад зах нь банкуудын шаардлагыг ч хангах хэрэгтэй байна.   Би улстөрчдийг Тавантолгойгоос савраа тат гэж хэлье. Ажил хийлгэхгүй, явуулахгүй. Бүтэц зохион байгуулалт хийе гэхээр хийлгэхгүй. Үүний цаана ашиг сонирхол л байдаг. Би өнгөрсөн найман сарын хугацаанд тэр олон саад бэрхшээлийг туулаад явж байна.

“Эрдэнэс Таван Толгой” компанийн боловсон хүчнийх нь чадвар Олон улсын шаардлагад хүрдэггүй. Англи хэлтэй боловсон хүчин маш ховор. Гаднаас ирж байгаа тайлан, зөвлөмж, саналуудыг орчуулж чадахгүй. Ийм байгаа учраас би бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гүйцэтгэх захирал буюу удирдлагын багтай болгомоор байна. Ингэж байж л гадаадад очиж, Олон улсын биржүүдтэй уулзаж, өөрсдийнхөө үнэ цэнийг тогтооно. Хоёрдугаарт, IPO  хийхэд компани хуваана гэж яриад байх юм. Энд компани хуваах асуудал байхгүй.  Олон улсын шаардлагад нийцсэн стандартаар, охин компаниа байгуулаад л ажиллана. Тиймээс яаралтай бүтцийн өөрчлөлт хийхээс өөр аргагүй. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. 

Ингэж ажиллаж байж л амжилтад хүрнэ. Яах вэ, урсгалаар нь явуулж болно л доо. Тэгвэл хулгай, улс төр нь дийлдэхгүй. Ашиг хуваарилах гэхээр бодлого нь нэгдмэл биш. Ийш тийш нь татаад тадаад аваад явчихдаг. Ийм байдлаар явах юм бол уул уурхайн үйл ажиллагаа явуулаад яах юм. Иймэрхүү асуудал бий. Гэхдээ бид даваад гарна. Тавантолгойн IPO хийгдээд, амжилттай болсны дараа шууд болон шууд бусаар 31 мянган ажлын байр бий болно. Бусад компаниудыг Олон улсын тавцанд гарах үүд хаалга нээгдэнэ.  

-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад солонгосчууд оролцоно гэдэг мэдээлэл гараад байсан, үнэн үү?

-“Эрдэнэс Таван Толгой” компанийн ТУЗ олсон ашгаараа Зүүнбаян чиглэлийн төмөр замаа барьсан нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ бол компанийн тухай хуулиараа ажлаа зохицуулаад л явж байгаа зүйл. Хуримтлагдсан ашгаараа буюу 75 орчим тэрбум төгрөгөөр Зүүнбаянгийн төмөр замыг эхлүүлэх нь зүй ёсны асуудал. Зүүнбаянгийн төмөр замыг эхлүүлээд, 3-4 сарын дараа Гашуунсухайтын төмөр замыг барьж эхэлнэ. Өмнө нь хийсэн төмөр замын суурь бүтцийг овоолго шороо гэж яриад байгаа юм. Манай холбогдох мэргэжлийн хүмүүс тийшээ яваад, гуравдугаар сарын 13-15-ны хооронд ажилласан. Ингээд тэр төмөр замын суурь дэд бүтэц шаардлага хангаж байна уу үгүй гэдэгт дүгнэлт гаргасан. Тэд энэ суурь дэд бүтцэд 5-10 сая ам.долларын засвар хийгээд төмөр замаа барихад болно. Сайн суурь дэд бүтэц байна гэж хэлсэн. Тэгэхээр бид бэлтгэл ажлаа сайн хангаж байгаад гурван сарын дараа дотоод болон гадаадын аж ахуйн нэгжийн дунд тендер зарлаад, ажлаа эхэлнэ. Шинэ тендерийн хуулиар энэ ажил явах юм. 

-Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэг дүгнэлт гаргасан. Харин Оюутолгой гэрээнд ганц ч цэг, таслал өөрчлөхгүй гэж мэдэгдсэн. Засгийн газар энэ асуудалд яаж хандаж байгаа вэ?

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хийхийн тулд 4.4 тэрбум ам.доллар босгоод, ажиллаж байгаа. Бид Олон улсын шаардлагад нийцсэн соёлтой, зарчимтай хандах ёстой, энэ асуудалд. Засгийн газар л бол Засгийн газар. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хийсэн гэрээ хэлцлийг энэ Засгийн газар хүчингүй болгох ёстой гэсэн юм байхгүй. Хэний тэргүүлж байгаа Засгийн газар вэ гэж харахгүй. Монгол Улсын Засгийн газар л гэж харна. Гэхдээ далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудлыг бид ярилцах ёстой. “Рио Тинто”-гийнхонтой бид уулзах ёстой гэж ойлгож байгаа. Огт болохгүй зүйл биш. Нэмэлт байдлаар зохицуулалт хийж болно гэж би бодож байна. Монгол Улсын үр өгөөжийг дээшлүүлэх, цаг хугацаанд хатуу шаардлага тавих ёстой.  

-Засгийн газрын сайд 10 сая ам.долларын авлига авсан гэх мэдээлэл гараад байна. Таны нэр ч хавчуулагдсан.  Ямар учиртай 10 сая ам.долларын талаар яриад байгаа юм бэ?

-Ийм зүйл огт байхгүй ээ. Нэр ашиглаж, гүтгэж байгаа хүмүүс байна. Бүр сүүлдээ нүүрс угаах үйлдвэртэй болсон гэнэ, 100 машинаар нүүрс зөөж байгаа юм гэнэ билээ гэж ч ярьсан. Би шүүх, хуулийн байгууллагад нь тэр хүмүүсийг өгөөд, шалгуулаад явж байгаа. Би урагшаа Ерөнхийлөгчийн айлчлалд оролцож яваагүй.  

ШИНЭ МЭДЭЭ