“Эв нэгдлийн цом 2019” спортын наадам эхэллээ
2019.05.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Эв нэгдлийн цом 2019” спортын наадам эхэллээ

Монгол Ардын Нам жил бүр намын анхан шатны гишүүд дэмжигчдийнхээ дунд спортын дөрвөн төрөлт тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тэмцээний цар хүрээ тэлж “Эв нэгдлийн цом 2019” нэртэйгээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын хороод, МАН-ын Удирдах зөвлөл, Удирдах зөвлөлийн ажлын алба, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын алба, нийслэлийн намын хороо, сургалт судалгааны Стратеги академи, “Монголын Үнэн” сонин, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулагдаж байна.

“Буянт-Ухаа” спортын ордонд өчигдөр нээлтээ хийсэн “Эв нэгдлийн цом 2019” спортын наадам сагсан бөмбөг, волейбол, ширээний теннисний төрлүүдээр шилдгүүдээ тодруулна. Маргааш медалын төлөөх шийдвэрлэх тоглолтууд болж, цомын эзэд тодорно.

“Эв нэгдлийн цом 2019” спортын наадмын нээлтийн арга хэмжээнд МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэл, есөн дүүргийн намын хороодын дарга нар болон МАН-ын 21 аймгийн намын хороодын дарга буй аймгуудын Засаг дарга нар оролцож баг тамирчиддаа амжилт хүссэн юм.

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх спортын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “МАН Монголдоо төдийгүй Азидаа хамгийн том улс төрийн хүчин. 200 гаруй мянган гишүүд дэмжигчидтэй том улс төрийн хүчний эд эс болсон намын анхан шатны байгууллагуудын төлөөллүүд нэгдэн эв хүчээ сорин өрсөлдөж байна. Энэ жилийн “Эв нэгдлийн цом 2019” спортын наадам хүрэээгээ тэлж спортын дөрвөн төрлөөр 700 гаруй тамирчид өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж байна. Энэ наадамд илүү олуулаа болж ирсэн явдалд талархаж, спортын өндөр амжилт хүсье” гэсэн юм.

Спортын наадмын нээлтийн үеэр МАН-ын “Эв нэгдлийн далбаа”-г хүндэтгэлээр залах ёслолын арга хэмжээ боллоо. Уг далбааг намын нийт гишүүдийн гурван үеийн төлөөлөл буюу Завхан аймгийн ахмадын холбооны дэд дарга, 65 настай С.Төмөрбаатар, Дорноговь аймгийн Сайншанд сумын төмөр замын намын хорооны 1-р үүрийн дарга, 72 настай н.Дуламсүрэн, дунд үеийн төлөөлөл Архангай аймгийн намын хорооны дэд дарга н.Хүрэлсүх, Сэлэнгэ аймгийн намын хорооны дэд дарга н.Рэгзэдмаа, залуу үеэс нийслэлийн намын хорооны Нийгмийн Ардчилал Монголын оюутны холбооны нарийн бичгийн дарга, 21 настай н.Бат-Эрдэнэ, Хэнтийн аймгийн ниигмийн Ардчилал Монголын оюутны холбооны нарийн бичгийн дарга, 18 настай н.Долгорсүрэн хүндэтгэлтэйгээр залсан юм.

“Буянт-Ухаа” спортын наадамд /сагсан бөмбөг, шатар, ширээний теннис/ нийт 37 багийн 700 гаруй тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний хаалтын ажиллагаа маргааш болно.

ШИНЭ МЭДЭЭ