НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Р.Дагва: Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах нь Улаанбаатар хотын залуучуудын хүсэл мөрөөдөл юм
2019.05.30
Гадаад харилцаа

Р.Дагва: Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах нь Улаанбаатар хотын залуучуудын хүсэл мөрөөдөл юм

БНСУ-ын Хөгжлийн судалгааны төв, “Догва инженеринг” ХХК-ийн төлөөлөл өнөөдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагватай уулзлаа.

Эдгээр байгууллага нь Монгол Улсад “Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийг 2004 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаад Барига, хот байгуулалтын яамны хүсэлтээр “Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын дэргэдэх ухаалаг аэро-хот” сэдвийн хүрээнд гурван төрлийн судалгаа хийж байгаа аж.

Үүнийхээ хажуугаар эдийн засгийн тооцоолол гаргах гэнэ. Тодруулбал, Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын одоогийн нөхцөл байдал, хөгжлийн төлөвлөгөөг судлах, Аэро хотын мастер төлөвлөгөөг судлах, түүний хөгжлийн санхүүгийн санал гаргах гэсэн гурван үндсэн ажил гүйцэтгэх юм. Уг ажлаа 2008 оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд цаашид Монголын Улсын талаас уг ажил дээр хамтран ажиллах, зөвлөгөө мэдээлэл авах, мэдлэг мэдээлэл солилцох шаардлага байна гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва уулзалтын үеэр аливаа ажил Улаанбаатар хотын иргэдийн амьдралд өгөөжтэй, нийгэм эдийн засгийн үр ашигтай байх ёстой гээд “Улаанбаатар хот өөрийн гэсэн хөгжлийн баримт бичигтэйн дээр хэтийн чиг хандлагаа тодорхойлсон. Хөшигийн хөндийд чөлөөт бус байгуулах нь Улаанбаатар хотод амьдарч буй залуучуудын хүсэл мөрөөдөл юм. Нөгөөтэйгүүр манай нийслэлийн хөгжлийн амин чухал асуудал бөгөөд эдийн засаг нийгмийн чиг хандлагыг тодорхойлох том ажил. Тиймээс бид ч судалгаа хийж, тодорхой төлөвлөгөө гаргасан. Та бүхнийг судалгааны ажлаа бидний саналтай уялдуулаасай гэж хүсэж байна. Цаашид зөвшилцөх шаардлага гарвал нээлттэй” хэмээлээ.

Дашрамд дурдахад, БНСУ-ын “Догва инженеринг” ХХК нь олон улсын инженерүүдийн зэрэглэл тогтоох үнэлгээний байгууллагаас гаргасан судалгаагаар Солонгосын топ таван компанийн нэгээр нэрлэгдсэн гэнэ. Эл байгууллага нь 1957 онд байгуулагдсан бөгөөд Солонгосын дайны дараа тус улсын томоохон хотуудын төлөвлөлтийг хийсэн туршлагатай компани аж.

ШИНЭ МЭДЭЭ