НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хороо хуваах болон журам шинэчлэх тухай асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
2019.05.30
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Хороо хуваах болон журам шинэчлэх тухай асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXY хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд холбогдох албаныхан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонсож, “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн дүрэм батлах тухай, Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай гэсэн зургаан асуудал хэлэлцэх товтой байв.

Хуралдааны эхэнд нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах болон Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлаар завсарлага авсан юм. Ингэснээр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаас хасаж, долоо хоногийн дараа нийслэлийн ИТХ-ын XXY хуралдааныг үргэлжлүүлэх боллоо.

Өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонсож, төлөөлөгчид тодруулга авч, санал хэлсэн юм. Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулахаар Засгийн газраас 2018 онд “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол гаргасан. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн 2019 оны төсөвт 3.4 тэрбум төгрөгийг батлуулж, сайжруулсан түлшийг нөөцлөх, түгээх бэлтгэл ажлыг хангах, зорилтот бүлгийн айл өрхөд байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, төрийн өмчийн хоёроос доошгүй барилгын дулааныг байгаль орчинд ээлтэй технологит шилжүүлэх, агаарын чанарыг сайжруулах бүсийн эмнэлгийн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарын суурин харуулын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэх зэрэг төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд 1000 тн-оос дээш багтаамжтай таван агуулах барьж эхэлжээ.

Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний чанарыг алдагдуулахгүй хадгалж, борлуулах цэгүүдийг ашиглалтад оруулсан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд түлш борлуулах 10 цэгийг ашиглалтад оруулсан бол маргааш 16-аар нэмж, цаашид үе шаттайгаар Баянзүрх дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 58, Сүхбаатарт 18,  Чингэлтэй дүүрэгт 15 цэг нээх юм. Үүний зэрэгцээгээр түлш худалдаалдаг 533 цэгийг түшиглэн борлуулалтыг хийхээр “Таван толгой түлш” ХХК-тай хамтран ажиллаж байна гэж Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулсан.

Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид зарим зүйлсийг тодруулсан юм. Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний эцсийн үнэ ямар байх, дамлаж худалдахаас хэрхэн сэргийлж, хүртээмжтэй байдлыг яаж бий болгохыг лавласан. Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалын хэлж буйгаар түгээлтийн зардал, урамшууллыг аль байгууллага хариуцахыг удахгүй тодорхой болгох гэнэ. Мөн дамлаж зарахаас сэргийлж, хяналт тавих бөгөөд цаашид картаар түгээх ажил санаачилж байгаа аж. Төлөөлөгчид иргэдэд мэдээллээ тухай бүрт хүргэж, сургалчилгааны ажлаа сайжруулахыг холбогдох хүмүүст зөвлөсөн юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва танилцуулга мэдээллийг сонсоод “Түгээлт, борлуулалт, чанарыг холбогдох албаныхан бүгд ярьж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гаргасан тогтоолыг хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Тиймээс оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн түлшний үйлдвэрлэл, хадгалалтад онцгой анхаарай. Хадгалах горим алдагдсанаас түлшний чанар муудаж, муу бүтээгдэхүүн иргэдийн гарт очих ёсгүй” гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ