Хуулиудыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг дэмжив
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.06.04) хуралдаан 14 цаг 54 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.Байнгын хорооны хуралдаанаар эхлээд
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл- ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хийсэн юм.
“Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет" ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай” 330 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцож, ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн" ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” XXК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн билээ.
Иймээс Засгийн газар 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 7 дугаар тогтоол гаргаж, ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс "Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400.27 сая ам.долларын төлбөрийг эх үүсвэрийн дарааллаар суутган тооцох, "Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авах арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Энэ үндсэн дээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу ‘Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани, "Монголросцветмет" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг шинэчлэн баталж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хууль, тогтоомжийн дагуу бүртгүүлжээ. Мөн дээрх чиглэлийн дагуу "Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон "Монголросцветмет" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдийг томилсон байна.
Тиймээс Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газрын дээр дурдсан шийдвэртэй холбогдуулан Улсын Их Хурлаас соёрхон баталсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай 2004 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хууль; Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталсан “Протокол соёрхон батлах тухай” 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуулийг тус тус хүчингүй болгох шаардлагатай болжээ.
Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Н.Энхболд, Х.Баделхан нар Гадаад харилцааны сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Л.Болд нар үг хэлж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.