Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.06.04) хуралдаан 14 цаг 54 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Уг хуулийн төсөл нь “Монголросцветмет” ХХК-ийн талаар ОХУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийг хүчингүй болсонд тооцож, улмаар уг аж ахуйн нэгжийг 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд болгож ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж. Учир нь Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаа ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс шилжсэн тул Монгол-Оросын “Монголросцветмет" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан “Хэлэлцээр соёрхон батлах тухай” 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийг хүчингүй болгох шаардлагатай болсон байна.
Хуулийн төсөл батлагдсанаар "Монголросцветмет" ХХК нь хамтарсан үйлдвэрийн хэлэлцээрээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол одоо Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил. үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно. Улмаар “Монголросцветмет ХХК нь 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр зохион байгуулагдах нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдлаа.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр баталсан Монгол-Оросын “Монголросцветмет" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталсан “Протокол соёрхон батлах тухай" 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуулийг хүчингүй болгохоор өргөн мэдүүлсэн гэдгийг сайд тодотголоо.
Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Гишүүдийн асуултад хариулт өгсөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбат Стандарт банктай холбоотой асуудлыг хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Уг банкны төлбөрт Эрдэнэт үйлдвэрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөөц сангаас төлсөн 40 сая ам. долларыг буруутай этгээдээс нэн тэргүүнд гаргуулахаар хохирогч иргэний нэхэмжлэгчийн хувьд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ажиллаж байгаа гэдгийг хэллээ.
Мөн “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Б.Мөнхбат тус компани нь 2012 онд 18.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол түүнээс хойш жил дараалан алдагдалтай ажиллаж, 2016 оны эцсийн байдлаар алдагдлын хэмжээ 33.8 тэрбумд хүрсэн байдаг. Энэ нь жигд ажиллагааг алдагдуулсан, гол төслөө хөдөлгөж чадаагүй, зохион байгуулалт, хүний хүчин зүйлээс үүдэлтэй гэж үзэж болох талтай. Би 2018 оны 10 дугаар сард энд томилогдоод үйлдвэрийн бүх үйл ажиллагааг сэргээх, хүчин чадлыг өсгөх, менежментийн удирдлагыг сайжруулахад анхаарсан. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар үйлдвэр 15.6 тэрбум төгрөгийн ашигтай гарч, алдагдлаа дараад 4.6 тэрбумын ашигтай ажиллаж байна. Энэ онд 18.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөсөн, хуримтлуулсан ашиг 6.3 тэрбумд хүрэх төлөвтэй байна гэсэн хариулт өгч байв.
Мөн уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.