МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Энэ жил ЕБС-ийн сурах бичгийг түрээсийн тогтолцоо руу шилжүүлнэ
2019.06.06
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ё.Баатарбилэг: Энэ жил ЕБС-ийн сурах бичгийг түрээсийн тогтолцоо руу шилжүүлнэ

Өдрийн сонин, Б.Номин-Эрдэнэ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.


-Элсэлтийн ерөнхий шалгалт удахгүй эхлэх гэж байна. Энэ жил ЭЕШ-нд шууд засалтын технологи нэвтрүүлсэн нь техникийн шинэ дэвшилт болж байгаа.

-Одоогоор бага ангиудын хичээл амарсан. 3-5 дугаар ангиуд энэ сарын 7,8-нд амарна. Ахлах ангиуд 15-ны үеэр амарна. Өнгөрсөн жил 12 дугаар ангийг 40 мянган хүүхэд төгсөж байсан бол энэ жил 18 мянга орчим хүүхэд төгсөнө. Их, дээд сургуулиудын босго оноо зарлагдсан. Үүнтэй зэрэгцээд Их, дээд сургуулиуд элсэлтээ авах бэлтгэлээ хийж байна. Энэ жил төрийн өмчийн 17 их, дээд сургууль, хувийн хэвшлийн 80 гаруй их, дээд сургууль элсэлт авна. Их, дээд сургуулиудыг чанартай сургалттай байлгахын тулд нэлээд хэдэн сургуулийн тусгай зөвшөөрөл болоод хэд хэдэн сургуулийн хичээлийн хөтөлбөрүүдийг хүчингүй болголоо. Эхнээс нь ажлуудаа цэгцлээд явж байна. Ирэх намар их, дээд сургуулиудад том сорилт болно гэж үзэж байгаа. Цөөхөн төгсөгчдөөс элсэлт авахын тулд өрсөлдөөн их гарах байх. Өөрийн хичээлийн байргүй, хичээлийн программ хөтөлбөргүй сургуулиудыг эхнээс нь хааж байгаа. Цаашдаа ийм сургуулиуд үйл ажиллагаа явуулах боломж маш бага болсон. Миний зүгээс их, дээд сургууль байж чадахгүй бол коллеж, МСҮТ бол. Чадах сургалтаа л зохион байгуул гэдэг бодлого барьж ажиллаж байна. Их, дээд сургууль нэрээр айл гэрийн эдийн засгийг мөлжиж, тухайн хүүхдийн дөрвөн жилийг ямар ч үр дүнгүй өнгөрүүлэх хэрэггүй. Энэ жил анх удаа ЭЕШ-ыг шууд скайнернаад дэлгэц дээр гардаг орчин үеийн техникээр дүн гаргана. Боловсролын үнэлгээний төвтэй хамтран техникүүдээ худалдаж авсан. Аймгуудад байршуулахаар бэлтгэл ажил хангагдаад явж байна. ЭЕШ-ын оноотой холбоотой маргаан нэг тийш болох байх. Яваандаа бүх зүйл ил нээлттэй болно.

-Сургалтын төлбөрийн асуудал жил бүр маргаан дагуулдаг. Эцэг эхчүүдийн хувьд төлбөрийн асуудал маш их анхаарал татдаг. Энэ жил их, дээд сургуулийн төлбөр дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

-Өмнөх жилүүдийн жишгээр их дээд сургуулиудын удирдах зөвлөлүүд төлбөрүүдээ тогтоогоод явж байгаа байх. Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж зарим сургуулиуд төлбөрөө тав, зургаан хувиар нэмэх хандлагатай байна. Багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлээд байгаа ч их, дээд сургуулиуд өөрсдөө төлбөрөө тооцоолж гаргадаг болохоор сургалтын төлбөрт зааг тогтоох боломжгүй. Гэхдээ сүртэй нэмэгдэхгүй гэж харж байгаа.

-Та БСШУС-ын сайдын албан тушаалыг аваад сурагчдын гэрийн даалгаврыг багасгахаас гадна олимпиад тэмцээнийг танах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Энэ ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хөтөлбөрийн шинэчлэл хийгдээд дуусч байна. Хэд хэдэн аймгуудад багш нарт шинэчилсэн хөтөлбөрөө танилцуулж, багш нараас саналуудыг нь авч байна. Нийслэлийн багш нарт шинэчлэлийн багийнхан танилцуулсан. Зарим ангид дааж давшгүй хөтөлбөртэй, хичээлийн цагт багтдаггүй хичээлээ гэрийн даалгаварт өгдөг асуудлуудыг жигдэлж байгаа. 1-3 дугаар ангийн хичээлийн цагийг багасгаж байна. Долоо хоногт 19 цаг байсныг 17 цаг болгоно. Олон улсын жишиг тийм хэмжээний цагтай. Нэгдүгээр ангийн хичээлийн агуулга маш хүнд, гэрийн даалгавар маш их өгч байна гэх асуудал яриад байгаа. Агуулгыг багасгахаар аяндаа цагтаа багтаж, даалгавар багасна. Яамнаас гэрийн даалгаврыг стандарчлах зүйл дээр ажиллаж байна. Гэрийн даалгаврын асуудал яригдсанаас хойш гэрийн даалгавар ихээр өгөхөө больсон. Хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхдүүдтэй уулзахад багш нар гэрийн даалгавар их өгдөг байхаа больсон гэж хэлж байна лээ. Багш нар ч гэсэн ухамсарлаад сурагчдадаа хэт их ачаалал үүсгэхгүй байхыг бодож байх шиг байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн анхаарах ёстой. Сүүлдээ зуны даалгавар битгий өг гэсэн зүйл явж байна. Зуны даалгавар өгөхгүй байж болно. Хүүхдэдээ багш нар нь заасан хичээлээ битгий мартаасай гэсэндээ зуны даалгавар өгч байгаа. Зун урт хугацаанд амарч байгаа юм чинь өдөрт ганц цаг хичээлээ хийгээд байвал болно биз дээ. Эцэг эхчүүдэд үнэхээр хүүхдүүдээ XXI зууны шаардлага хангасан эрдэм мэдлэгтэй энэ үед хөл нийлүүлэн алхуулах мэргэжилтэн болгохыг хүсч байгаа бол жаахан толгойг нь ажиллуулж, цахим утас телевизороос холдуулах хэрэгтэй.

-Сурах бичгийн хүрэлцээ энэ хавар хүртэл тулгамдсан асуудлын нэг байлаа. Та ирэх хичээлийн жилээс сурах бичгийн хүрэлцээнд арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдсэн. Түрээсийн тогтолцоо руу шилжих асуудал шийдэгдсэн үү. Хэвлэх үйлдвэрүүдийн сонгон шалгаруулалтад хэрхэн анхаарч байна вэ?

-Бага ангийнхны сурах бичгийг бүрэн хангадаг. Нэг сурах бичгийг дөрвөн жил хэрэглэж байна. Улсын төсвөөс нөхөн хангалтын хэдэн төгрөг төсөвлөдөг. Номуудаа хэвлүүлээд явж байна. Азийн хөгжлийн банктай хамтарч найман тэрбум төгрөг шийдүүлсэн. Дунд, ахлах ангиудын номыг хэвлүүлнэ. Энэ жил түрээсийн тогтолцоо руу оруулна. Өнгөрсөн жил шиг байлгахгүйн тулд хэвлэх үйлдвэрээс нь ченжийн гар дамжуулахгүйгээр сургуульд нь хүргэх, сургуулиас нь түрээсээр хэрэглүүлэх тогтолцоог ярьж байна. Мөн иргэний боловсрол хичээлийн номыг бүхлээр нь шинэчилж байгаа. Хөтөлбөрийг нь шинэчилнэ. Иргэний боловсролын хичээл бол хүмүүжлийн төдийгүй монгол хүн болгож төлөвшүүлэх хичээл. Багш нар цаг нь багтахгүй байгаа хичээлүүдээ иргэний боловсрол хичээл дээр заадаг. Заавал үзэх хичээл болгож хөтөлбөрийг нь бүрэн өөрчилж, номыг нь шинэчиллээ. Маш их ажил болсон. Ардын багш Чоймаа тэргүүтэй монгол ёс заншлын эрдэмтэн судлаачид орсон баг ажиллан хөтөлбөрөө хийгээд дуусч байна. Удахгүй сурах бичгээ зохиох ажил руугаа орно. Ямартаа ч ирэх есдүгээр сараас ном бэлэн болж, багш нараа сургалтад хамруулна. Багш нарын ачааллын асуудал яригдаад байгаа. Бүх бичиг цаасны асуудлыг шийдвэрлэж байна. Багш нарыг багшийн ажлаас нь өөр ажилд дайчлахгүй. БСШУСЯ-наас зарласан албан ёсны олимпиад тэмцээнийг зохион байгуулна. Энэ хүрээнд багш нар хүүхдүүдээ бэлдэж орохоор заасан.

-Саяхан 15 сургуулийн 500 гаруй сурагч сүрьеэтэй гэх мэдээлэл нийгэмд хүчээ авсан. Эдгээр хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа вэ. Энэ асуудал дээр ямар нэг арга хэмжээ авсан уу?

-Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудийн нөхцөл байдал асар хүнд байгаа. Нэг анги гэхэд л 40-65 хүүхэдтэй хичээллэж байна. Хүн амын өсөлтөө эдийн засаг нь гүйцэхгүй байна. Жил бүр олон сургууль цэцэрлэг баригдаад байгаа хэрнээ гүйцэхгүй байгаа юм. Төрийн зүгээс барихыг нь бариад, засахыг нь засаад л явж байна. Засгийн газраас эдийн засаг хүнд байсан ч баталж байгаа төсвийнхөө 20 орчим хувийг боловсролын салбарт зарцуулж ирсэн. Энэ бол маш том төсөв. Гэхдээ манай төсөв жижигхэн, жижиг төсвийнхөө 1/5 тутмыг боловсролын салбарт зарж байгаа. Сүрьеэтэй холбоотой асуудал дээр хэд хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, хариуцлагын зүйл. Манай яаманд өмнө нь тэр сургууль багшийн талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй байсан. 2015 оноос хойш энэ зүйл яригдсан асуудал байна лээ. Хоёрдугаарт, би их хурлын гишүүн болоод сүрьеэгийн лобби бүлэг байгуулж сүрьеэ гэж нондин их хашгирсан даа. Сүрьеэ далд хэлбэрээр их байна гэж маш их ярьсан. Энэ асуудлыг Ерөнхий сайд дэмжээд сүрьеэгийн эмнэлэг байгуулах ажлыг төсөвт хөрөнгө тусгаж, Богд уулын аманд газар шийдсэн. Сүрьеэгийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Глобал сантай хамтраад судалгаа хийсэн. Тэр судалгаагаар энэ бүхэн гарч ирсэн. Саяны бужигнаан гэнэтхэн бий болчихсон асуудал биш, маш олон жил явсан нь тодорхой. Энэ ажлыг улстөржүүлэх тал руу явуулаад байна. Шат шатны байгууллагууд эмчилгээгээ хийгээд явж байгаа.

-Ирэх намар хичнээн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох вэ. Газрын асуудал нь шийдэгдсэн үү.

-Нийслэлд газрын асуудал хүндрэлтэй байна. 2019 онд гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжинд оруулах гээд ажиллаж байна.Улс даяар 57 сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөгөөнд тусгагдсан. Ингэхээр сургуулийн хүчин чадал 21400-гаар нэмэгдэнэ. Мөн 132 шинэ цэцэрлэг барина. 2020 онд 42 цэцэрлэг шинээр баригдана. Нийслэлд сургууль цэцэрлэгийн есөн байршлыг шийдсэн. 2020 онд салбарын сайдын барьж байгаа бодлого бол сургууль, цэцэрлэгүүдийг барихаас илүүтэй хуучнаа засах ажил хиймээр байна. Ирэх жил сургууль цэцэрлэгүүдээ сайн засмаар байна. Тоног төхөөрөмжийг нь нэг удаа сайн сайжруулаад авах хэрэгтэй байна. Цэцэрлэгийг хүүхдүүдийн тоглоом ширээ сандал шкаф, сургуулийн физик химийн кабинат гээд ямар ч хөрөнгө оруулалт хийгдээгүй байна. Хүүхдийн хамгааллын асуудалд сургууль дээр сэтгэлзүйч ажиллуулах зайлшгүй шаардлага байгаа. Нийгмийн ажилтан сэтгэл зүйч биш. Хөдөө орон нутагт сэтгэлзүйч гэдэг шинэ ойлголт. Сургууль бүрт сэтгэл зүйч байх шаардлагатай. Хүүхдийн хүчирхийлэл гэхээр сургууль цэцэрлэг рүү ярьдаг. Хамгийн сүүлийн судалгаагаар ЦЕГ-аас хийсэн хүүхдийн эрх зөрчигдсөн тоо 680 байна. Энэнээс 23 нь л сургуулийн орчинд байна. 660 гаруй нь гэр бүлийн орчин нөхцөл, нийгэмд зөрчигдсөн байгаа юм. Сургууль сургалтын орчин хүүхдийн эрх зөрчигддөггүй хамгийн аюулгүй орчин. Нэг сая хүүхэд өдөр тутам бүхий л шатны сургалтад сурч байна.

-Татварын багц хууль, Захиргааны хуульд бүхэлд нь Ерөнхийлөгч хориг тавьсан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Мөн УИх тарах асуудлыг ч хоёр удаа хөндлөө.

-Би нэг жишээ татъя л даа. Нэг тендер зарлалаа гэхэд нэг компани авч таарна. Тэгэхээр нөгөө компани нь нөгөөхөө шүүхэд өгчихдөг. Шүүх дээр маргаад явж байтал арван сар болдог. Нөгөө компани өөрөө авч чадаагүй болохоор би л хийхгүй бол хэн ч хийхгүй гэдгээр хандаж байгаа юм. Зааг ялгаатай авч үзэх ёстой байгаа юм. Ийм асуудлууд их байгаа болохоор зарим асуудал дээр цаг хугацаатай, аж ахуйн нэгж байгууллагуудыг хариуцлагатай байлгамаар байна. Үнэхээр үндэслэлгүй гомдол гаргасан бол дэнчингийн мөнгө хураалгана гэж заасан байгаа. Хориг тавьсантай санал нийлэхгүй байгаа. Мэдээж татварын хууль төгс дандаа хэрэгжээд явж байгаа зүйл биш. Хуулинд байнга өөрчлөлт шинэчлэлт хийж л байдаг. Ерөнхийлөгчийн тавьсан хоригт бодууштай зүйлс байна лээ. Хуулийн тодорхой хэсгүүдэд хориг тавьсан бол хүлээж авах боломж байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Их хурлын дарга байхад хурлаа хийж чаддаггүй л байсан шүү дээ. 2012-2016 онд хэдэн хууль баталсныг нь та нар харсан уу. 2019 онд тэрнээс хоёр дахин олон хууль баталсан явж байгаа. Их хурлын үндсэн ажил хууль батлах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих хоёр үндсэн үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж чадаж байна уу, үгүй юу гэдэгт Их хурал тарах, тарахгүй асуудал ярина.

ШИНЭ МЭДЭЭ