2019.06.12
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Н.Учрал: Өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн суваг гэдгийг хэн ялгаж тогтоох вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, дахин дамжуулах компаниудын оролцоо, төлбөр зэргийг эрх зүйн хувьд зохицуулах хэрэгцээ урган гараад байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
"Нийгмийг соён гэгээрүүлэх ажил хамгийн чухал. Миний бие "Хүүхдийг тэдгээрийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай" хуулийг санаачлаад олон хэлэлцүүлэг хийгээд явж байгаа. Аж ахуй, санхүүгийн шинжтэй хууль оруулж ирж байхаар миний хуулийг аваад ороод ирээч гэж ажлын хэсгийнхэнд хэлмээр байна. Хүүхдүүдэд зориулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх контент бэлтгэгдэхгүйгээс болоод гэмт хэргийн сэдэлжүүлэлт явагдаад байна. Тийм гэмт хэрэг, тийм хүчирхийлэл үйлдэгдсэн гэх мэтийг телевизээр мэдээлээд байдаг. Монголд бодит кэйс гарсан. телевизээр үзээд гэмт хэргийг үйлдсэн.
Нийгмийн итгэлцүүрийг хэрхэн хангах вэ гэдэг том асуудал энд орхигдоод байгаа юм. Хуулийн төсөлд зааснаар соён гэгээрүүлэх ажил хийх юм байна. Өргөн нэвтрүүлгийн телевиз манайд 18-19 байдаг. Тоон системд шилжсэн учраас бусад олон суваг телевизийг бүгдийг нь ижилхэн үздэг. Одоо антенн босгож үздэг айл байхгүй. Тоон системээр IPTV-гээр бүх сувгийг хөдөө орон нутагт ч үзэж байна. Та нар суваг гүйлгэж байхдаа өргөн нэвтрүүлгийнх, кабелийнх гэж ялгаж үздэггүй биз дээ? Монголд одоо хамгийн их үзэж байгаа телевиз бол Dreambox. Элдэв хов жив үзэж байхаар хүүхдүүддээ хэрэгтэй контент гардагаар нь энэ сувгийг л үзэж байна. Гэтэл энэ телевиз чинь кабелийн суваг.
Гэтэл өргөн нэвтрүүлгийн сувгуудийг хооронд нь рейтинг тогтоогоод контент бэлд гээд IPTV-ээс мөнгө хуваарилах гээд байгаад Dreambox хамаарахгүй шүү дээ. Өргөн нэвтрүүлгийн хэдэн телевиз нь нийлчихээд өөрсөддөө мөнгө хувааж авах гээд сууж байж болохгүй.
Зах зээлийн хувьд телевизүүд цөөрөх ёстой. Гэхдээ үзэгч энэ өргөн, энэ кабелийн телевиз гэж ялгаж үздэггүй юм. Үүнийг ойлгох ёстой. Ажлын хэсгийнхэн яаж үүний ялгааг гаргах гээд байгаа юм бэ? Хамгийн их үзэлттэй 10 телевизийг жагсаагаад сан байгуулаад контент бэлд гэж мөнгө хуваарилна гээд байгаа. Та бүхэн хувийн бизнест халдаж байна. 19 өргөний телевизээсээ 9-ийг нь орхиод 10-ыг нь рейтинг гаргаад, 100 айлд судалгааны төхөөрөмж суулгаад гарсан үр дүнд нь найдах гэж байгаа юм уу? Эсвэл телевизүүдийн холбоонд байгаа удирдлагууд нь лоббигоор эхний 10-аа тогтоох гэж банйа уу? Үнэндээ бол өргөн нэвтрүүлгийн 19 телевиз дотор чинь Dreambox-ийг гүйцэх телевиз байхгүй ш дээ. Ийм аж ахуйн шинж чанартай хууль битгий оруулж ир. Миний санаачлаад явж байгаа тэр төслийг оруулж ирсэн нь дээр шүү."
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31
Сонгинохайрхан дүүргийн 1000 эмэгтэй чууллаа
2019.11.22