2019.06.17
Гадаад харилцаа
ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн командлагч айлчилж байна
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбатын урилгаар ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн командлагч, дэслэгч генерал Г.В.Жидко тэргүүтэй албаныхан манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын эхэнд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат дэслэгч генерал Г.В.Жидкотой хамтын ажиллагааны талаар ярилцсан бол түүний дараа УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч уулзсан юм.
Сайд Н.Энхболд хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд тогтвортой хөгжиж байгааг дурдаад энэхүү амжилтад ОХУ-ын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлагын дэмжлэг их гэдгийг цохон тэмдэглэв. Мөн тэрээр ОХУ-ын бүс нутгийн цэргийн захиргааны нэгж болох цэргийн тойрогтой тогтоосон хамтын ажиллагаа хоёр улсын цэргийн харилцаанд чухал байр суурийг эзэлдэг. Цаашид ч хамтын ажиллагаагаа улам өргөн хүрээнд хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Дэслэгч генерал Г.В.Жидкогийн айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн штабын орлогч дарга, хошууч генерал А.Н.Галанов болон хурандаа А.П.Литвиненко тэргүүтэй төлөөлөгчид багтжээ. Айлчлал таван өдрийн турш үргэлжилнэ.