МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болголоо
2019.06.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

"Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болголоо

“Дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон хоолоор үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг олгох харилцааг хуулиар зохицуулж, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, АНУ 1946 оноос, Япон 1954 оноос, БНСУ 1953 оноос сургуулийн хоолны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох хөтөлбөрийн хүрээнд бүх сурагчдад хоолоор үйлчилдэг. 2018 оны байдлаар 169 орны 338 сая хүүхэд “Сургуулийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна.

Манай улсад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй байсан юм. Иймээс Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2006 оноос “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, I-V ангийн сурагчдад өдрийн 600 төгрөгт багтаан үдийн цайны үйлчилгээг зохион байгуулж байна.

Сурагчид өдрийн 1/3-ийг сургууль дээрээ өнгөрүүлдэгч үдийн цайнаас шаардлагатай шим тэжээлийг нөхөж чаддаггүй.
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2016-2017 онд зохион байгуулсан судалгаагаар 6–11 насны хүүхдийн 7.3 хувь өсөлт хоцролттой, 2.8 хувь туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай байна. Мөн эрүүл бус хүнсний хэрэглээ нэлээд түгээмэл, бараг бүх хүүхэд ямар нэг төрлийн эрүүл бус хүнс хэрэглэдэг, 10 хүүхэд тутмын 8 орчим нь чихэрлэг ундаа болон шарж болгосон хоол хүнс хэрэглэдэг болохыг тогтоожээ

Мөн Эрүүл мэндийн яамнаас 2015 онд хийсэн судалгаагаар нийт сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг нь тогтоогджээ.

Сурагчдын түгээмэл хэрэглэдэг 24 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 10 нь сахар нэмсэн байснаас гадна ихэвчлэн төрөл бүрийн хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнүүд хэрэглэдгээс шинжилсэн чихэр, ундаа жүүсний 20 дээжийн 15-д нь 12 төрлийн (нэг бүтээгдэхүүнд 1-4 төрлийн) хүнсний будагч бодис илэрсэн юм.

Иймээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлэх шаардлагатай гэж үзэн УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,  Д.Цогтбаатар нарын гишүүд хамтран “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барисан билээ.

“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэхээр дээрх хуулийг боловсруулсан.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар баталлаа. Ингэснээр 2020 оноос эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоолны үйлчилгээнд хамрагдана. 2023 оноос эхлэн 1-12 дугаар ангийн бүх сурагчид  “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдах юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 238 ЕБС-д бага ангийн 139.730 сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж үүнд улсын төсвөөс нийт 32 тэрбум төгрөг  зарцуулагддаг. харин үдийн хоол хөтөлбөр хэрэгжсэнээр нийтдээ 63.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарсан.

Хууль хэрэгжихэд жилд 300 тэрбум төгрөг зарцуулагдах юм.

Тодруулбал, улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн ЕБС-д нийт 1284 тогооч ажиллаж байгаа бөгөөд тусгайлсан “хоол зүйч” гэсэн албан тушаал байхгүй. Боловсролын салбарын 2017-2018 хичээлийн жилийн статистик мэдээгээр төрийн болон орон нутгийн өмчийн 652 сургууль байгаа бөгөөд үүнд 325 дотуур байртай сургуульд нийт 889 тогооч ажиллаж байгаа. Нэг сургуульд 1-8 дотуур байрны тогооч ажиллаж байна. Энэ нь 40 хүүхэд бүрт нэг тогооч дунджаар ногдож байна. Хоол бэлтгэх хугацаа болон чанарыг нэмэгдүүлэх зорилгоор 35 хүүхдэд нэг тогооч ногдох байдлаар төлөвлөхөд нийт 1006 тогооч хэрэгтэй бөгөөд энэ нь одоо байгаа тогоочийг 119-өөр нэмэгдүүлэх хэрэгцээ үүсч байгаа юм.

Хууль 2020 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийг баталсан тул өмнө нь хэрэгжүүлж байсан Бага, дунд боловсролын тухай хуулийн "Үдийн цай" хөтөлбөртэй холбоотой заалтыг хүчингүй болголоо.

2020 оны хичээлийн жилээс “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж сурагчдын насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсийг стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн хүмүүсээр бэлтгүүлж, оновчтой зохион байгуулах нөхцөл бүрдэж, сурагчдын эрүүл мэнд, суралцах чадварыг дэмжиж, ирээдүйн эрүүл иргэн бий болох боломж нээгдлээ. Түүнчлэн сургуулийн хоол үйлдвэрлэл нь орон нутгийн болон үндэсний хүнс үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ