Эрүү шүүлтийн эсрэг эрүүл шүүмж
2019.06.27
Хүний эрх

Эрүү шүүлтийн эсрэг эрүүл шүүмж

НҮБ-ын 166 улс эрүүдэн шүүхээс ангид байх эрхийг баталгаажуулан олон улсын гэрээ конвенцийг соёрхон батлаад байна. Гэвч өнөөдөр дэлхий дахинаа эрүү шүүлт үргэлчилсээр байна.

Филиппин, Мексик улсад эрүү шүүлт өргөн тархаж, Морокко, Узбекистан улсын шүүх ажиллагаа эрүүдэн шүүж авсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэсээр байна. Монгол улсад ч мөн эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн болохыг хууль тогтоогчид эрх баригчид хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байна. 
Монголын Эмнести Интернэшнлийн оюутан залуучууд 6 сарын 26 буюу Эрүүдэн шүүхийн хохирогчдод туслах олон улсын өдрийг тохиолдуулан өөрсдийн санаачлагаар 2019 оны 5-р сарын 17-6-р сарын 17-ны хооронд “Эрүү шүүлтийн эсрэг эрүүл шүүмж” шог зургийн уралдааныг зарлаж, ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаад байна. Үзэсгэлэнд сурагч, оюутан, залуучуудын 23 бүтээл тавигдсан байна. Залуучууд шог зургийн уралдаан, үзэсгэлэнгээр дамжуулан олон нийтэд эрүүдэн шүүхээс ангид байх эрхийг нь таниулахын зэрэгцээ МУ-ын эрх баригч нарт хандан эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, эрүүдэн шүүгчидтэй хариуцлага тооцох эрх зүйн орчин, механизмыг сайжруулахыг шаардаж байна. 

Эмнести Интернэшнл нь 1972 оноос эхлэн эрүүдэн шүүхтэй тэмцэх кампанит ажлыг эхлүүлсэн ба эрүүдэн шүүхийн эсрэг бидний үйл ажиллагааны нөлөөгөөр Эрүүдэн шүүхийг хориглосон олон улсын эрх зүйн баримт бичгүүд батлагдан гарч, улс орнууд нэгдэн орж, эрүүдэн шүүхийг зогсоохоор амлалт өгч, үүрэг хүлээсэн.  

Эмнести Интернэшнлээс жил бүр эмхтгэн гаргадаг Монгол улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаарх сүүлийн 10 гаруй жилийн тайланд хорих, цагдан хорих газарт эрүүдэн шүүж, зүй бус харьцах явдал гарч байгааг дурдсан.  
Монгол улс 2000 онд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийг соёрхон баталж, 2014 онд түүний нэмэлт протоколд нэгдэн орсон хэдий ч өнөөг хүртэл Протоколын дагуух байгуулах ёстой эрүүдэн шүүхээс Урьдчилан Сэргийлэх Үндэсний Механизмыг байгуулаагүй байна.  
Монголын Эмнести Интернэшнлээс Монгол Улсын Засгийн газарт хандан эрүүдэн шүүсэн хэргийг хараат бусаар, олон улсын шударга шүүхийн хэм хэмжээний дагуу шалган тогтоох, гэм буруутай этгээдэд ял завшуулахгүй байхаа баталгаажуулах, эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан байгууллага болон Эрүүдэн шүүхээс Урьдчилан Сэргийлэх Үндэсний Механизмыг нэн даруй байгуулахыг шаардаж байна.  
ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ХОХИРОГЧДОД ТУСЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙН ТУХАЙ

1984 оны 12-р сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассемблей Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжилон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийг баталсан.

1987 оны 6 дугаар сарын 26-нд Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенц хүчин төгөлдөр болсон ба өнөөдөр тус конвенцийг 166 улс орон соёрхон баталж, эрүүдэн шүүхтэй тэмцэхээ баталгаажуулсан. 
НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1997 оны 12-р сарын 12-ны өдрийн 52/149 тоот тогтоолоор ЭШЭК-ийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх, эрүү шүүлтийг үндсээр нь таслан зогсоох зорилгоор жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг Эрүүдэн шүүхийн Хохирогчдод Туслах Олон улсын Өдөр болгон тэмдэглэж байхаар зарлан тунхагласан.  1998 оны 6-р сарын 26-ны өдөр дэлхий даяар анх удаагаа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, НҮБ-аас бүх засгийн газрууд, иргэний нийгмийнхэнд хандан эрүүдэн шүүгчидтэй хариуцлага тооцох, эрүү шүүлтийг таслан зогсоохын төлөө үйл ажиллагаа явуулахыг уриалжээ. 
 
Эрүүдэн шүүх болон хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцах нь бусармаг, ёс суртахуунгүй хамгийн ноцтой хүний эрхийн зөрчил бөгөөд сая сая хүмүүс мөн тэдний гэр бүлийнхэнд асар их гарз хохирол учруулдаг. Тиймээс ч эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцааг олон улсын хууль, дайны хуулиар хориглосон байдаг. Бие махбодид гарсан шарх маш аймшигтай байдагтай адил сэтгэлзүйн болоод сэтгэлийн шарх хамгийн уй гашуу авчирдаг бөгөөд нөхөн сэргээхэд хамгийн хэцүү байдаг. 
Эрүү шүүлтэд өртөөд амьд үлдсэн хүмүүст амьдрал ихэвчлэн хар дарсан зүүд шиг санагддаг бөгөөд тэд хэнд ч итгэдэггүй тэр бүү хэл гэр орныхондоо хүртэл итгэж чаддаггүй болдог байна. 
МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ  
2019 оны 6 дугаар сарын 26 

ШИНЭ МЭДЭЭ