МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мөрөн хотод шинэ цэвэрлэх байгууламжийн шавь тавилаа
2019.06.28
Орон нутгийн хөгжил

Мөрөн хотод шинэ цэвэрлэх байгууламжийн шавь тавилаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар зуны дунд цагаан морь сарын шинийн 23-ны билэгт сайн өдөр буюу өнөөдөр Мөрөн сумын 13-р хороонд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилгын шавыг тавилаа.

Мөрөн сумын төв цэвэрлэх байгууламж анх 2001 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр бохир усыг байгалийн аргаар цэвэрлэх зориулалттай баригдсан бөгөөд 2006 оноос ачааллаа даахаа больж Мөрөн сумын иргэд бохир устай холилдож болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байсан юм. Мөн хүчин чадал нь хүрэлцэхгүй болсон далангууд тал бүрээрээ задарч цэвэрлэх байгууламжийн ойролцоох багийн иргэдэд урин дулааны цагт бохир их үнэртэж иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрх зөрчигдөж ирсэн билээ.

Иймд энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Азийн хөгжлийн банк болон Монгол улсын Засгийн газрын 9,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р хороонд байрлах цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар болоод байсан юм.

Уг цэвэрлэх байгууламж нь хоногт 3000 куб.метр бохир усыг хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд биологи цэвэрлэгээний блок, механик цэвэрлэгээний блок, үйлдвэрийн барилга, лаг, элсний талбай, захиргаа аж ахуйн барилга, цахилгааны дэд өртөө, харуулын байр, цэвэрлэгдсэн усны насос станц, дренажийн болон бохир усны насос станцын барилгууд болон гадна цахилгаан хангамж, бохир усны шугам, гадна зам талбай зэрэг цогц бүтээн байгуулалтын ажил хийгдэх аж.

Төслийн үр дүнд Хөвсгөл аймагт байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж ашиглалтад орж, 19 инженер, техникийн ажилтнууд ажлын байраар хангагдаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах болон бордоо болгон ашиглах бүрэн боломжтой.

Шинэ цэвэрлэх байгууламжийг гүйцэтгэгч компани 2020 онд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд Мөрөн сумын 40,000 гаруй иргэд эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ