МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.07.03
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: Яаралгүй маш нухацтай хандах хэрэгтэй

Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.07.03/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Бид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ наадмын өмнө нэлээд яааруу хэлэлцэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс нийгмийн байгуулалт, төрийн байгуулал, хөгжлийн чиг хандлага гэх мэт олон зүйл шалтгаална. Иймээс маш нухацтай хэлэлцэх шаардлагатай.

Өчигдөр гэхэд байнгын хороод хоёр хоёр цагын зайтай хуралдаж байна. бүх гишүүдийн санал бодлыг сонсож тусгах хэрэгтэй. Хоёр цаг биш хоёр хоногийн хугацаатай тавьж энэ хугацаанд сайтар ярьж буруу зөрүү зүйлүүдээ засаад явах хэрэгтэй. Ерөнхийлөгч тодорхой санал хүргүүлсэн байсан үүнтэй санал нэг байна. Яараад яахав дээ.

Хуульч гишүүний хувьд хуулийн төсөл дээр нилээд сууж ажилласан 20 зарчимын зөрүүтэй санал гаргасан үүний 5 нь ажлын хэсэг дээр гаргасан саналтай давхцаж байгаа тул хасаад 15 саналыг бэлтгэсэн. Хууль зүйн байнгын хороо мэргэжилийн байнгын хороо тул  та бүхэн сайтар нягталж санал хураалтаа өгөөрэй гэж хэлмээр байна.

“Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ” гэсэн нь Төрийн жинхэнэ албанд буюу одоогийн Төрийн албаны хуулийн ангиллаар “төрийн захиргаа болон төрийн тусгай” албанд хамаарч байгаа бөгөөд нийтлэг төрийн албан хаагч болон төрийн жинхэнэ албан хаагчид ялгаатай байдлаар зохицуулагдсан байна.

Гэтэл 2 дахь өгүүлбэр нь “Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэсэн нь нийтлэг төрийн албан хаагчид хамаарч байна.

Иймээс төрийн жинхэнэ албан хаагч гэдгийг нь тодотгож явахгүй бол төрийн албан хаагч гэдэгт бүх ангиллын буюу улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний бүх албан хаагч хамаарна. Тийм учраас “Төрийн албаны” гэснийг “Төрийн жинхэнэ албаны” гэж өөрчлөх саналтай байна.

ШИНЭ МЭДЭЭ