Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Монголчууд зүрх сэтгэлийнхээ угт байх эрхэм нандин зүйлсээ хэзээ ч алдаж, орхиж байгаагүй
2019.07.04
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Монголчууд зүрх сэтгэлийнхээ угт байх эрхэм нандин зүйлсээ хэзээ ч алдаж, орхиж байгаагүй

Өглөөний сонин, Сэтгүүлч Э.Энхболд

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Та бол төрийн хар хүн. Төрийн түшээ. Үүний зэрэгцээ Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн үндэсний бөхийн их аварга. Тиймээс ярилцлагаа улс төрөөс чөлөөлж үндэсний бөхийн уламжлал, түүх соёл, жудаг, ёс зүйн талаар ярилцах гэсэн юм. Мэдээж бөх хүнийг нутаг ус нь дагаж явдаг гэж ярьдаг. Ойрд нутаг орноороо очив уу?

-Нутаг усаараа очилгүй яах вэ. Манай Өмнөдэлгэр сум эртнээсээ хөдөлмөрч, авьяастан, хүчит бөхчүүдээрээ алдартай. Хууль зүйн ухааны доктор Г.Баярхүү, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Д.Энхзулаас эхлээд олон гавьяат манай сумаас төрсөн. Өмнөдэлгэр сум маань 2011 онд Засгийн газраас зарласан “Улсын тэргүүний сум” шалгаруулах уралдаанд зүүн бүсээсээ анх удаа шалгарч тэргүүний сум болж байлаа шүү дээ.

Мөн 2015, 2016, 2018 онд улсын хэмжээнд хамгийн олон мал тоолуулсан. Манай сумын нэг онцлог нь уул уурхайгаас ангид, мал аж ахуйдаа суурилж, газар тариалан түшиглэсэн тийм л нутаг.

Засгийн газраас Хан Хэнтий аймгийг “Түүхэн аялал жуулчлалын бүс” нутаг болгон зарласан. Бүх монголчуудын хамгийн сайн мэдэх Бурхан халдун уул манай сумын нутагт сүндэрлэж байна. Нэгэн цаг үед Монголын оюун санааны охь болсон Балдан Брайбун хийд ч Өмнөдэлгэр суманд байдаг гээд бод доо. Ар Халхын Утай цагаан гүмбүн гэж нэрлэдэг байлаа. Хангалын нуур, Өглөгчийн хэрэм гээд түүх дурсгалын олон арвин өвийг хадгалж үлдсэн өлгий юм. 

Би 1981 онд 17 настайдаа Өмнөдэлгэр сумынхаа наадмын шигшээ барилдаанд зодоглон үзүүрт үлдэж байлаа. Намайг үндэсний бөх хэмээх ариун цагаан дэвжээнд ойртоход маш том түлхэц болсон гэж боддог. Манай нутгийнхан наадмын торгон ногоон дэвжээгээ буурь сэлгэлгүй миний багад барилдаж байсан тэр л дэнждээ одоо ч нааддаг. Өлзийгөө өгсөн сайхан нутаг даа. 

-Монгол төрийн наадмын таны 12 түрүү, Э.Оюунболд арслангийн нэг түрүүг нэмчихвэл 13 түрүү Өмнөдэлгэр сумтай холбоотой болж таарч байна. Нэг сумаас төрийн наадмын 13 түрүү авсан сум бараг байхгүй байх..

-Яах аргагүй сэтгэл цэлмэдэг бодлын минь нэг энэ юм. Үндэсний бөхийн түүхийг эргэж харвал Төрийн их баяр наадмын түрүү хүртээгүй аймаг олон бий. Нэг аймгаас тэр тусмаа нэг сумаас төрийн наадмын түрүү хүртсэн бөхөөс хойш дараагийн түрүү бөх тодортол маш урт цаг хугацаа өнгөрсөн байдаг. Тухайлбал, Хөвсгөл аймгаас гэхэд 1970 онд уран барилдаант Чойжилын Бээжин аварга түрүүлснээс хойш 37 жилийн дараа 15 настайдаа над дээр ирсэн миний шавь Хадбаатарын Мөнхбаатар 2007 онд түрүүлсэн байх жишээтэй. Би 1988 онд наадамд анх түрүүлж байлаа. Түүнээс өмнө алдарт Босоо Самдан аварга 1924 онд Төрийн наадамд түрүүлж байсан байх жишээтэй. 64 жилийн дараа баяр наадмын үндэсний бөхийн түрүү авсан байгаа биз. Миний хувьд бахархаж, залбирч явдаг нэг зүйл нь 1999 онд 12 дахь буюу отгон түрүүгээ авсан. Гэтэл миний шавь Энхтөгсийн Оюунболд 16 жилийн дараа буюу 2015 онд түрүүлж, Хэнтий аймгийн миний төрөлх Өмнөдэлгэр сумын хүүхэд баяр наадмын түрүү бөх болж түмэн олноо баясгасан. Э.Оюунболд 14-хэн настай жаахан хүүхэд бөх болно гээд намайг зорьж ирж байсан юм. Үүн шиг баяр бахдал байхгүй биз дээ.

-Монгол Улсын хамгийн олон мал тоолуулсан сумаас үе, үеийн хүчтэнүүд төрөн гарч. Мөн урлагийн авьяастнууд ч танай сумаас олноороо төрсөн нь байгаль дэлхийтэй салшгүй холбоотой мэт санагдах юм?

-Хэнтий аймаг дотроо хэзээнээсээ Өмнөдэлгэрээс хүчит бөхчүүд төрдөг түүхтэй. Манай сумаас 1940 оны үед Цогоо, Надмид гэж хоёр улсын начин төрсөн байдаг. Тэр үед одоогийнх шиг машин тэрэг гэж байсангүй. Тиймээс манай хоёр мориор нийслэл хүрээнд очиж наадамд барилдан улсын цол авсан байдаг. Надмид гуайг би хараагүй. Харин Цогоо гуай манай арын гудамжинд амьдардаг байв. Дүү нь Сэдэд гэж аймагтаа шуугиулсан сумын цолтой ах байсан. Цогоо гуай атан тэмээний нүд шиг дүрлэгэр том нүдтэй, сүрдмээр өндөр өвгөн байлаа.

Сэдэд гуай надад их сайн. Бөхийн талаар сонин сайхан хууч ярина. Өөрөө 1000-н дугуй унаад сумын төвөөр галгиулдаг байлаа. Хүүхдүүд л болсон хойно сонирхож таарна биз дээ. Гэхдээ надаас бусад ямар ч хүүхдэд унуулдаггүй байв шүү дээ. “Хэнтийн улаан гуталт” буюу аймгийн арслан Базарсад, Дуваа, Ганболд, Дамдинжав гээд улсын цолонд хүрээгүй ч улсын цолтнуудыг ханаруулж явсан аймгийн арслангууд манай сумаас төрсөн. “Хэнтийн улаан гуталт”-ыг улс даяараа андахгүй. 1959 оны бүх ард түмний спартакиадад нутаг орноо төлөөлөн оролцож маш амжилттай барилдсан гэдэг. Хэдийгээр аймгийн арслан ч гэсэн хааяа сумандаа ирэхэд нь манайхан “Сад аварга ирсэн гэнээ” гэж ярьцгаана. Суманд амьдардаг барилддаг хэд маань хааяа шатар тавина. Тэдний тоглохыг харах гэж бид наагуур цаагуур нь гүйлдэнэ шүү дээ. Бөхийн жудаг, ёс жаягаа баримталсан мундаг хөгшчүүдтэй нэгэн цаг үед амьдарч явлаа.

Ийм хүчтэнүүдийг өлгийдөн авсан нутаг гэдэг цаанаасаа ер бусын энергитэй гэж боддог. Амьсгалсан агаар, уусан ус, гишгэсэн газар, ургамал амьтан хүч, энергиэ өгнө. Хар амиа хоохойлох биш бусдын төлөө гэсэн дэлгэсэн тэрлэг шиг уужим сэтгэлтэй хөдөлмөрч ард түмэн ухаан суулгаж өгдөг. Би багадаа айл хунарт ус, түлээг нь зөөхөөс эхлээд тусалдаг байлаа. Нутгийн хөгшчүүд “Энэ Нямбуугийн хүү сайн шүү” гэж магтахад нь жигтэйхэн урамшина гээч. 

-Та чинь сумандаа “Манлай аварга” гээд өөрийн нэрэмжит дэвжээгээ байгуулжээ...

-Би дээр хэлсэн. Манай сум олон хүчит бөхчүүдийн өлгий нутаг гэж. Ийм сайхан нутгийн ивээл хайрыг хүртэж төрийн наадамд 12 удаа түрүүлсэн хүн гэж өөрийгөө бодож явдаг. Тиймээс би нутаг усандаа өртэй хүн. Үе үеийн хүчит бөхчүүд Өмнөдэлгэрийн нэр дээрээс босож барилдан, өндөр цолонд хүрээсэй гэж бэлгэшээн “Манлай аварга” дэвжээгээ байгуулж байсан юм. Миний бодож явдаг өөр нэг зүйл нь бөхийн спортоор хичээллэж буй залуус өндөр амжилт гаргадаггүй юм гэхэд амьдралд нугарахгүй ноён нуруутай, тэвчээртэй эр хүн шиг эр хүн болж төлөвшөөсэй гэж хүсдэг.

-Барилддаггүй монгол хүүхэд гэж байдаггүй. Мэдээж таны хувьд дээлийн хааг ханзартал, өмссөн гутлаа урагдтал барилдаж явсан байлгүй. Та бага насныхаа тухай ярихгүй юу?

-Би аймгийн төвд, Хэрлэнгийн хөвөөнд төрсөн. Өмнөдэлгэр бол ээжийн минь төрсөн нутаг. Сумын төвийн баруун талд агь тарнийн ном нэвт шингэсэн Хүүхэн хутагтын хүрээнд ээжийн аав Агийн Даржаа гэж хүн амьдардаг байсан. Өвөөг өөрийнх нь боловсорсон номын нэрээр нь Агийн Даржаа гэх болсон юм билээ. Ээжийн дээр хоёр ч хүү мэндлээд тогтоогүй гэдэг. Тиймээс ганц охиноо ном эрдэм эн зэрэгцдэг байсан Хүүхэн хутагтад аваачиж өгсөн байдаг. Ээж минь тэр хүрээнд 16 нас хүртлээ амьдарсан. Сүүлд нь эгч нарыг сургууль соёлын мөр хөөлгөнө гээд манайх гэдэг айл аймгийн төв бараадсан. Тэнд би мэндэлж, бага нас өнгөрсөн. Харин Өмнөдэлгэр сумандаа сургууль төгссөн.

Суманд мал байлгахгүй гэдэг байсан тул ээж сумын баруун талын Хангалын ам руу хэдэн үнээгээ даган гэр дугуйлж, аав жолооч байсан болохоор сумын төвд ирэн очин ажилдаа явна. Манайх малтай байсан болохоор хаашаа ч нүүсэн сумын төвөөс хэдэн км-ын цаана амьдардаг байв. Намар, зун, хавар өглөө эрт босоод хичээлдээ явганаар алхана. Хичээлээ тарж гэртээ ирээд ажлаа амжуулаад дахин сумын төв рүү давтлагад явна гэх мэтээр өдөрт 20 гаруй км алхдаг байж. Алхах нь хүний бие бялдар хийгээд оюун санаа тэлэхэд чухал байж дээ гэж одоо боддог юм. Хүн алхахад бодисын солилцоо, цусны эргэлт сайжирч, тархины үйл ажиллагаа асар их болдог. Ганцаараа алхаж байгаа хүн чинь юу эсийг бодож, мөрөөдөх вэ.

Харин өнөөдрийн нийгмийн амьдрал бидэнд тийм боломжийг олгохгүй байна. Нийгмийн энэ их шуугиан дунд хүүхэд бүү хэл томчуудад нь тийм боломжийг олгохгүй байна л даа. Намайг багад саахалтындаа очиж аргал, хомоол, ус, түлээг нь дөхүүлж гарын үзүүрт ёстой л зардаг байлаа. Манайтай айл саахалт нутагладаг байсан Дамчаа ах цэргээс халагдаад ирчихсэн. Бид Дамчаа ахыг харна гэж хуйларна. Хэдэн жилийн өмнө Дамчаа ах “Бат-Эрдэнэ ээ, танайх манайх айл саахалт олон жил явсан. Чамайг цэргээс халагдахыг гурван жил хүлээлээ. Нямбуугийн хоёр хүүгийн тусаар энэ хэдэн жилийг өнгөрүүллээ дээ” хэмээн ээж нь ярьж байсныг надад хэлсэн. Тэдний тугал холдоод явчихлаа, араас нь яв. Бороо орох нь хэн гуайн гэрийн өрхийг тэгшил гэнэ. Уяан дээр хүн буух нь тосоорой гээд гүйлгэнэ. Яваад очихоор хөгшчүүд чихрээр биш “Яасан буянтай хүүхэд вэ. Насаа нэм” гэх зэргээр урмын үгээр шагнана. Хар багаасаа хүмүүсийн урмын үг, итгэл найдварыг алдахгүй юм сан гэж хичээж явсаар өнөөдрийг хүрч дээ. Сумын төвийн урд сагсны талбайд очиж тоглоно. Бие биеийнхээ гэрээр орж гарч талх, боорцог эргүүлнэ. Өөр илүү зүйл байх биш. Үнэхээр л байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдарцгааж байж шүү. Айл хотлоороо бие биедээ тусалдаг байлаа.

Манайх Дэлгэрхаан сумаас нүүж, аав, ээж хоёр хэдэн үнээгээ туугаад оройхон Хангалын аманд ирж буусан юм. Гэрээ барих үест айл аймгийнхан цуглаж манай гэрийг барих юм болов оо. Манай гэр босохдоо их хэцүү байдаг тул нар шингэх хүртэл үзээд бардаггүй дээ. Нутгийнхан “Харуй бүрий боллоо. Өглөө эрт гэрээ барь. Одоо ханан дугуй хийчих” гэсэн юм.

-Ханан дугуй гэдэг нь...

-Ханан дугуй гэж тооноо босголгүйгээр ханаа дугуйлаад унинуудаа хооронд нь зөрүүлж тогтоохыг хэлдэг юм. Хялбар аргаар түр гэрээ барьж байна гэсэн үг. Эгч болохоор “тэгье” гээд би 16 нас хүрчихсэн байсан болохоор хүмүүсээс ичиж байна гэж жигтэйхэн. Тиймээс зүтгэсээр байгаад нар шингэх үест гэрээ босгож билээ. Монгол хүний халуун сэтгэл, бие биеэ гэсэн өмөг түшгээр гэрээ хүртэл барьж байсан тийм цагт би хүн болсон юм.

Манай үеийнхэн хоорондоо их барилдана. Сургуулийн маань мужаан аймгийн арслан “Тавхай” Содном гэж хүн байлаа. “Хэнтийн Тавхай Содном” гэхэд ямар ч бөх халирдаг байсан гэдэг. “Тавхай” Содном багш насаараа барилдсан. Хэзээ хойно би дархан аварга болчихоод сумандаа ирэхэд гудамжны үзүүрт залуус барилдаж байна. Яваад очиход 60 гарчихсан Содном багш тэнд барилдаж л байдаг байсан. Үүний сацуу сургуулийн захирал Төмөрмуна багш биднийг дэмжинэ. Захирлын эхнэр нь Бүрэнхишиг гэж манай ангийн багш байв. Нэг өдөр бид ангидаа барилдаж байгаад багшийн ширээний хөлийг хугалчихаад мөн ч их сандарч билээ. Гэтэл багш биднийг загнаагүй юм даг. Төмөрмуна багш Хэнтийн Биндэрийнх. Олимпын наадмын мөнгөн медальт, миний багш Цэндийн Дамдинтай найз. Тэр хоёр барилдаж явсан юм билээ. Тийм болохоор Төмөрмуна багш биднийг дэмжинэ гэж жигтэйхэн.

Манай нутагт Батын Гомбо, Баатар гэж сумын начин, Лида, Жанцансамбуу гэж аймгийн начин, арслан Э.Оюунболдын авга талын “ачаа” Лхажав, “ачаа” Дашдорж  гэж хүмүүс байв. Мөн аймгийн заан “Дэгээ” Төмөрбаатар гэж байлаа. Мань хүн худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн хүлээн авагч ажилтай. Бид худалдаа бэлтгэлийн ангийн хашаанд очиж барилдана. Энэ хүмүүсээс их ч юм сонссон.

-Таны бага нас олон хүчтэнүүдийн дунд өнгөрсөн юм байна. Тэр хүмүүсээс дуулсан мэдсэн зүйлсээ амьдралд хэрэгжүүлнэ биз. Бөхийн ёс жаяг, дэг, эр хүн байхын ухаан гээд бүгдийг нь сонсож байх даа. Өнөөдөр болж бүтэхгүй болгоны жишээ бөхчүүд болоход ойрхон болж. Та харин энэ бүхний хажуугаар энэ үнэт зүйлсээ авч үлдэж чадав аа?

-Би хар багаасаа тэр олон сайхан бөхчүүдийн дунд өндийсөн болохоор тэднээс сурсан зүйл байлгүй л яах вэ. Түүнчлэн олон судлаач, эрдэмтэдтэй хамтарч судалгааны ажил их хийсэн. Морь, бөх, сур гурав нь зөвхөн хоорондоо өрсөлдөж, уралдаад байгаа юм биш. Монголчуудын хамгийн үнэтэй зан суртахуун, дэг соёл, ёс уламжлалыг тээж ирсэнд гол нь байгаа юм. Үүгээрээ дамжуулан дараа үедээ өвлүүлэн хүргэж байдаг нарийн холбоо юм шүү дээ. Тэр соёлын тээгч нар нь улс үндэстэндээ, бусдадаа үлгэр дуурайл болж явж ирсэн юм билээ. Үүний нэг илрэл болсон үндэсний бөхөөр дамжуулан өв соёлоо үлдээж ирсэн ард түмний үр сад. Үүнийг бид нотолсон. Судалгаа хийгээд зогсохгүй үүнийг эргэлтэд оруулаад улс орны хэмжээнд нэлээд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний нэг нь “Нутгийн салхи” хөтөлбөр. Монголын залуу хойч ирээдүйд тэр дундаа монгол эр хүнийг бэлтгэх хөтөлбөр амжилттай болсон. Цэцэрлэгийн хүүхдүүдэд “Монгол бөхийн өгөөж” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Мөн монгол эр хүн бүр өөртөө авч болох ёс суртахууныг шингээх үүднээс “Нийтийн монгол бөх” хөтөлбөрийг амжилттай явуулсан шүү.

1960 оноос хойш манайд чөлөөт, жүдо, самбо гээд бөхийн олон төрөл хөгжлийн замдаа орсон. Эдгээр нь уламжлал гэхээсээ илүү үзэл суртлын тэмцлийн нэг талбар байсан тул дотоод оюун санааны нандин үнэ цэнийг бий болголгүй өрсөлдөж медаль авах хэмжээнд хүрсэн. Тиймээс жудаг чанар, ёс уламжлал нэгдүгээрт орхигдсон. Хуучин суманд байдаг жолооч, мужаан хүмүүс улсад ирж барилддаг байсан бол олимпын төрлийн бөхийн спорт хөгжсөнөөр 360 хоногт бэлтгэл хийдэг, олон улсын тэмцээн уралдаанд оролцдог хүмүүстэй барилдах аргагүй болсон. Олимпын төрлийн бөхийн спортоор хичээллэж байгаа хүүхдүүдийг боль гэж хэлэх эрхгүй учраас ийм нөхцөл байдалд хуучин уламжлалыг сэргээх ёстой гэж үзсэн юм аа.

Бөхчүүд үзүүлсэн амжилт, авсан алдар цолоороо үнэлэгддэг юм биш. Авсан цолыг нь жудаг, ёс суртахуунтай ижил тэнцүү хэмжээнд авч үз. Жудаг харин ч илүү үнэлэгдэнэ гэдгийг бид гаргаж тавьсан. Өнөөдөр нийгэм өөр болсон тул Монголын уламжилж ирсэн эрх үүргийн нэгдэл талаасаа биш эрхийг нь түрүүнд тавьдаг хандлага руу орсон. Нөгөө талаасаа ашиг арилжааны нийгмийн харилцаа эргэж сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, цол авахын тулд давааг наймаалцаж байна шүү дээ. Бай мөрий асар өндөр болж байгаа тул уламжлалыг эвдээд байгаа юм. Өмнө нь бөх, моринд хүмүүсийн сэтгэлийг эвдэх бай өгч байсангүй. Есөн цагаан бэлэг, 10-н цай, ёотон өгдөг байлаа. Үүгээр хүн амьдралынхаа асуудлыг шийдэхгүй ч эрхэмлэж ирсэн. Төрийн баяр наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдэд өгч буй гоё боодолтой зүйлд уламжлалаа дагасан бэлэг байдаг. Үүнийг нь сошиалаар дэлгээд үзүүлэхээр “Хүнд ийм юм өгөөд байхдаа яадаг юм” гээд шуугьж байна шүү дээ. Гэхдээ агуулга талаасаа маш чухал. Манай Өмнөдэлгэрийн ахмад бөхчүүд улс нийгэмдээ хэрэгтэй, гэр орноо тэжээх ажил хийдэг байсан. Тавхай Содном багш гэхэд сургуульд мужаан хийдэг байсныг дээр хэлсэн.

-Нэгэнт л нөхцөл байдал иймдээ хүрчихсэн байдаг. Яах ч аргагүй юм биш үү...

-Саяхан “Буур” Жамъян аваргын 120 насны ойг тэмдэглэх үеэр би гэр музейд нь орлоо. Жамъян аварга Улсын сайн малчин байсан юм билээ. Улс хувьсгалын 25 жилийн ойгоор маршал Х.Чойбалсангийн гарын үсэгтэй “Архангай аймгийн Батцэнгэл сумын ард сайн малчин Нацагийн Жамъянд  улс нийгэмд оруулсан хөдөлмөрийг үнэлж хутга, дуран, мөнгөөр шагнав гэсэн үнэмлэх нь байна лээ. Ахмад үеийнхэн маань өөрсдөө ажил хөдөлмөр эрхэлж, жудаг ёсоороо манлайлж явсан байдаг. Аян жин тээхээс эхлээд тэр үеийн монгол эр хүн яаж амьдарч болохоор тэр зарчмаараа явж иржээ. “Өндөр” Гонгор гэж даншгийн начин тэр үеийн Богд хааны Засгийн газрын гаалийн байцаагч байсан хүн шүү дээ.

Би одоо залууст хэлдэг юм. “Барилдана гэдэг залуу насны ажил. Өөрсдийн ажил амьдралын замыг сонгох ёстой” гэдэг. Би “Аварга” сургуулиараа 2000 гаруй хүүхдийг бэлтгэлээ. Манай хүүхдүүд улс нийгэмдээ ажиллаж байна. Би хэдхэн хоногийн өмнө зуслангийн шатахуун түгээгүүр дээр дугаарлаж байтал нэг залуу шуурхай үйлчилж байна шүү. “Овоо доо” гэсэн шүү юм бодоод зогсож байтал “Багшаа сайн байна уу” гээд ёсолж, мэндэлдэг юм. “Сайн, сайн байна уу. Чи манай сургуулийг хэдэн онд төгссөн билээ” гэтэл “Би бэлтгэлээ хийгээд хажуугаар нь колонк дээр ажил хийдэг” гээд хэлэнгүүт миний баяр төрсөн шүү. Үүнийг сошиалд тавьтал хүмүүс шал өөрөөр хүлээж авсан. Нийгэм өөрөө тэс өөр болж. Гадаадад сургууль төгссөн хүмүүс ажил, цалингаа голоод гэртээ хэвтэж байна. Америк явна 1000 долларын цалин авна, Солонгос явна нэг сая вонны цалин авна гэнэ. Эмээ, өвөөгийнхөө тэтгэврийн хэдээр зөөлөн талх, сайхан хоол хийлгэж идээд, зөөлөн буйдан дээр утсаа маажаад хэвтдэг болсон.

-Төрийн наадамдаа барилдаж улсын цол авна гэдэг сайхан. Тэр тусмаа аварга болчихоод ард түмний хайр хүндлэлийг дааж явах шиг хүнд ачаа үгүй биз. Ард түмнийхээ итгэл, хайрыг яаж дааж явах ёстой юм бэ?

-Би сайндаа өдий зэрэгтэй яваа юм биш. Нутгийн тэр сайхан буурлуудын захиас сургаалыг даах юм сан гэсэн бодолтой явсанд байгаа юм. Энэ хүмүүс бидэнд тэр ёс жудаг бүхнийг өвлүүлсэн. Тиймээс энэ бүгдээ би залуустаа өвлүүлэхийг хичээдэг. Ахмадуудынхаа хэлснээс гажилгүй яваад байхад л болдог эд. Монгол бөхийн баримталдаг тэр бүхнийг заагаад өгчихсөн байдаг. Монгол хүн баярлах, гомдох тэр сэтгэл хөдлөлөө ил илэрхийлдэггүй. Хамгийн даруу төлөв түвшин байхыг шаарддаг. Миний хувьд яг л тэр зарчмаар явж ирсэн. Намайг төрийн наадамд 12 түрүүлчихээд хуруу гараа гозойлгоод гүйж явсныг хараагүй биз дээ.

-Хараагүй шүү...

-Арай гэж наадамд түрүүлээд сөхөрч унаад, уйлаад, ийшээ ч нэг, тийшээ ч нэг гүйж очоод баахан хүмүүст тэврүүлээд, үнсүүлээд явах юм. Ингэж болдоггүй юм. Хакухо М.Даваажаргал гуравдугаар сарын башёд түрүүлээд үзэгчдийг уриалсных нь төлөө Ёкозунагийн зөвлөлөөс “Бүх үзүүлсэн амжилтыг чинь хүчингүй болгоно” гэж хатуу сануулга өгсөн биз. Монголчууд болохоор “Монгол аваргыг дийлэхгүй болохоороо япончууд хавчиж байгаа юм” гэж ярьдаг. Тийм биш. Хатуу сахиж ирсэн самурайн ёс тийм зүйлийг зөвшөөрдөггүй байхгүй юу. Монгол бөх ялгаагүй шүү дээ. Одоо даанч энэ бүхэн алдагдаад байна. Саяхны нэг барилдаан дээр Ховдын Бат-Өлзий гээд хөөрхөн барилддаг хүү учраа бөхдөө уначихаад тахимаа авах гэж ирсэн хүүгийн өмнөөс өшиглөж байна лээ. Би урд хожид сонсоогүй, амьдралдаа үзээгүй зүйлээ харлаа. Манай нөгөө нөхөр (Э.Оюунболд арслан) нэг бөхийг даваад цээжин дээр нь суучихаад надад сайн зэмлүүлээд өнгөрсөн. Ингэж болохгүй. Хүний оюун сэтгэхүйтэй нь уяж өгөөгүй европын соёл гэдэг чинь өөр байхгүй юу.

Хөл бөмбөгийн тэмцээнийг хар. Үймээн самуун, хүн амины хэрэг хүртэл гарч байна. Монгол бөхийн үзэгчид дундаас тийм зүйл гарахгүй. Энэ нь өөрөө үнэ цэнтэй учраас үүнийг хадгалж, хамгаалах гээд байгаа юм. Би өөрийнхөө оролцсон “Монгол тулгатын 100 эрхэм” нэвтрүүлгийн бүтэн үзээгүй л дээ. Гэхдээ хамгийн олон хүн хандаж үзсэн нэвтрүүлэг гэж байна лээ.

-Гурван цагийн нэвтрүүлэг байсан...

-Гэхдээ хүн уйдахааргүй болсон байна гэсэн. Энэ нэвтрүүлэгт Монголын сор болсон хүмүүс ордог. Хэдийгээр энэ хүмүүс мундаг ч гэсэн цаад мөн чанарыг нь таних аргагүй. Үндэсний бөхийн дэвжээнд барилдаж, тэмцэлдэж байгаа хүмүүсийн дотоод мөн чанар ил харагддаг. Тиймээс манайхан даваад түрүүлсэн ч гэсэн “Энэ ч жаахан хүн чанар тааруу нөхөр байна” гэдэг үнэлэлттэй үлддэг. Намайг 20 гаруй жил барилдсан болохоор манайхан ямар хүн бэ гэдгийг бусад хүмүүсээс илүү таньдаг болсон. Унах, ялах, ялагдах, ядрах, цуцах, түрүүлэх, үзүүрлэх гээд тэр бүхэн ил байдаг учраас Бат-Эрдэнэ ямар хүн бэ гэдгийг таньдаг болчихсон. Тиймээс нэвтрүүлэгт орохдоо ярьсан зүйл, хүмүүсийн мэддэг тэр бүхэнтэй зөрөхгүй байгаа юм.

-Та Чингис хааны өлгий нутгийн хүн. Таныг багад Чингис хааны талаар юу гэж ярьдаг байв. Хэдийгээр ярих хориотой ч яаж ч хориглосон ярьдаг сэдэв гэж байдаг л даа...

-Мэдээж энэ агуу хүний талаар ярилгүй л яах вэ. Шашин ч мөн адил хориотой сэдвийн нэг байлаа. Манай Өмнөдэлгэр сум гэхэд Арын сайхан Утай гүмбүм гэж би хэлсэн дээ. Балдан Брайвун хийдэд 3000 лам шавилан суудаг, 1000 гавж ном хурдаг байсан. Тэр 1000 гавжийн нэг Лувсанцэрэн гэж хүнд аав, ээж дагуулж очдог байв. Нас бага байсан болохоор ямар хүн дээр дагуулж очиж байгааг нь ч мэдэхгүй шүү дээ. Нууцаар ном уншуулаад гэрийн гадаах мухлаг тэрэгт нэг нэгээр нь оруулж мөргүүлдэг тийм л байсан юм. Сүүлд мэдэх нь ээ Балдан Брайвун хийдийн гол сахиусанд л мөргүүлж асан юм билээ. Зүрх сэтгэлийнхээ угт байх эрхэм нандин зүйлсээ монголчууд хэзээ ч алдаж, орхиж байгаагүй.

-Та наадмын өглөөг хэрхэн угтдаг вэ. Одоо барилдахгүй байгаа ч гэсэн сэтгэл гэгэлзэн босдог биз. Юу юугүй л наадам боллоо доо, аваргаа?

-За даа, одоо барилдахаа больсон болохоор барилдаж байсан үеийнх шиг сэтгэл донслохоо байж дээ. Монголчуудын бүтээсэн ёс уламжлал, амьдрах арга нь ёс бэлгэдэл дээр тулгуурласан байдаг. Аливаа зүйлд аз хийморийг ерөөдөг. Одоо бол нэг удаа хийморийн сан тавиулаад, нэг удаа хичээхэд болно гэж боддог болж. Би бүтэн жилийн турш хийморь лундаа доройтох, гутах, буруу хазгай үг хэл, буруу хазгай явдал үйлийг цээрлэж ирсэн. Хоёрдугаарт,  өвөг дээдсээс уламжлан ирсэн бурхны шашнаар зөвхөн өөрийгөө бус хамаг амьтны тусын тулд ажил үйлсээ болгоож байх ёстой гэдэгт итгэдэг. 1990-ээд оны үед би Жанрайсэг бурханы нээлтэд хөл муутай багшаа тэврээд очиж байсан юм. Тэр үед хүмүүс “Бат-Эрдэнэ асар том юм гуйж яваа даа” гэж ярьцгааж байлаа. Би хэзээ ч амин хувийн гуйлга, миний цолыг ахиулж өгөөч гэж явсангүй. Өөрийн сэтгэлийн орон зай дахь тэр буйдхан хэсэгтээ хамаг амьтны тусын тулд гэж залбирч явдаг. Олон хүн зөвхөн би сайн сайхан явмаар байна, миний л хүүхдүүд тэгш яваг гэж залбирдаггүй байх. Бусдын төлөө л залбирч байгаа гэдэгт итгэдэг. Тэр утгаараа наадмын өглөө шунал хүсэл дөгөөсөн тийм бодолтой гарч байсангүй. Мэдээж наадмын өглөө сайхан байлгүй яах вэ.

-Таныг ид барилдаж байхад өнөөдрийнх шиг бөхийн найраа ил цагаан байгаагүй байх. Танд найраа хийх санал ирж байсан уу?

-Тийм зүйл яригддаг байсан. Гэхдээ би сайн мэдэхгүй юм. Өнөөдрийнх нь өндөр дүнтэй мөнгө яригддаггүй байсан байх. Бөхчүүд үүнийг дэвэргээд байгаа юм биш. Улс төрийн, бизнесийн зорилготой хүмүүс гааруулаад байна. Ямар бөх өөрөөсөө 200 сая төгрөг гаргаж чадах юм. Бөхийн бай мөрий нэмэгдээд байгаа нь энэ буруу зүйл рүү хөтлөөд байгаа хэрэг.

-Энэ жилийн наадмын өнгийг та хэрхэн харж байна вэ?

-Мэдээж наадам сайхан болно. Монголын өв соёлыг тээж байгаа хүмүүс нь өөрсдөө өв соёлоо тээсэн шиг тээх ёстой. Монголчуудын өв соёл, жудгаа хадгалж яваасай гэж хүсдэг. Монголчуудын наадам сайхан болно гэж бодож байгаа.

-Ямар бөх наадмын өнгийг тодорхойлох бол?

-Тэр, энэ гэж нэр хэлмээргүй байна. Олон жилийн өмнө би “Хэн цог золбоо хийморио авч явж чадсан, хэн хөдөлмөрлөж чадсан, хэн ёс жудгаа дээдэлж чадсан тэр хүн л сайхан барилдана” гэж хэлж байсан юм. Тэр үг минь одоо ч хэвээрээ. Олны ам хазайж, ард түмний халуун сэтгэлийн дэмжлэг бага бол хэцүү шүү дээ.

-Бөхчүүд сайн, муу байж болно. Гэхдээ ямар ч хүнд үед эх орноо худалдчих хэмжээний тийм хүмүүс биш болов уу гэж боддог юм?

-Биднээс өмнөх үед, бидний үе, залуу үед сайхан хүмүүс бий. Гэхдээ алдар цол, ашиг сонирхлын төлөө яваад эхлэхээр юугаа ч арилжиж мэдэх хүмүүс байгаа. Олон сайхан залуусыг өөрсдийн ажлаа бүтээлгэхийн тулд ашиглаж байна. Газраа хамгаалуулж байна, алтны лицензээ булаацалдахад бөхчүүдийг турхирч байх жишээтэй. Буруу зүйл рүү турхирч, мөнгөний сонирхолтой болгож байгааг нуугаад байх юм алга. Алдар цолыг юугаар ч хамаагүй аваад түүгээр нь бүхнийг түрүү барьдаг тийм байдал бий шүү.

Эх сурвалж: Өглөөний сонин

ШИНЭ МЭДЭЭ