"Эрдэнэс Тавантолгой" Цогтцэций суманд дөрвөн шинэ худаг гаргаж өгнө
2019.07.09
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

"Эрдэнэс Тавантолгой" Цогтцэций суманд дөрвөн шинэ худаг гаргаж өгнө

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын чиглэлээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь булаг шандын эхийг хашиж хамгаалах, малчдын худаг усыг сэргээн засаж сайжруулах ажлыг тогтмол хийсээр байна.

Тухайлбал саяхан тус сумын Цагаан-Овоо багт малчдын ажлын ачааллыг хөнгөлж, цахилгаанаар ажилладаг, цэнгэг устай шинэ худаг гарган өгчээ. Энэ тухай холбогдох хүмүүсээс асууж тодрууллаа. 

Б.Оргил: ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ДӨРВӨН БАГ ТУС БҮРТ НЭГ ШИНЭ ХУДАГ ГАРГАЖ ӨГНӨ

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ Компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оргил "манай компани 2014 оноос хойш малчдын амьдралд дэмжлэг үзүүлэх, ундны усны ундаргыг хамгаалах зорилготойгоор 17 худаг засварлан, 4 булгийн эхийг хашиж, хамгаалаад байна. Төлөвлөгөөний дагуу Цогтцэций сумын 4 баг тус бүрт нэг шинэ худаг гаргаж өгнө. Мөн засаж сайжруулсан болон шинээр ашиглалтад оруулсан худагт усны түвшин, нөөц хэмжигч багаж суурилуулна. Ингэснээр тухайн худгийн усыг хэдэн жил, өдөрт хэдэн литрийг хэрэглэвэл зохистой болохыг тооцох боломж бүрдэх бөгөөд шаардлагатай үед худгаа гүнзгийлж, усны ундаргыг нэмэх, эсэхийг шийдэж болно.”

Б:Бурмаа: ЦАХИЛГААНААР АЖИЛЛАДАГ ШИНЭ ХУДАГ МАЛЧДЫН АЖЛЫГ ХӨНГӨВЧИЛЖ БАЙНА.

Цагаан-Овоо багийн малчин Б.Бурмаа "өнгөрсөн жил манайх амны усаа маш холоос зөөж, энэ худгаас малаа услах төдий байсан. Худгийн ус багассан тул ховоогоор авах хүндрэлтэйн дээр зориулалтын байргүйгээс ус нь маш их бохирдсон байсан. "Эрдэнэс-Тавантолгой” компани одоо цахилгаанаар ажилладаг, цэнгэг устай шинэ худагтай болгож өгсөн. Мал усалдаг онгоцоо ч сайжрууллаа. Маш их талархаж байна.” гэлээ 

ШИНЭ МЭДЭЭ