МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар: Үндсэн хуульд ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН ОРЧИНГ дэмжье гэсэн заалт оруулах хэрэгтэй
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
2019.07.17
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Үндсэн хуульд ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН ОРЧИНГ дэмжье гэсэн заалт оруулах хэрэгтэй

Өдрийн сонин, ОТГОНШАРАВЫН АРИУНЦЭЦЭГ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?

-УиХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаа. Миний хувьд тодорхой саналуудыг хоёрдугаар сараас эхлэн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, болон ажлын хэсгийн бусад гишүүдэд илэрхийлж байгаа. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УиХ-ын гишүүд, цэцийн гишүүд, шүүгчдийг яаж сонгох вэ гэж тогтолцооны асуудлуудыг олон талаас нь сайн ярьж чадаж байна. Үүнд онц маргаад байх зүйл алга байна. Эдгээр өөрчлөлтүүдийг хийх нь зүйн хэрэг. яахав, бид тогтолцоог 1992 оноос хойш олон байдлаар туршиж үзлээ. Тогтолцоо өөрчлөгдсөнөөрөө амьдрал сайн сайхан болчихгүй, ард иргэд ядуурлаас гарч, улс орны хөгжил урагшилчихгүй л дээ. Миний хувьд хувийн хэвшлийнхнийг яаж төрийн олон мянган дарамтаас хамгаалах вэ гэж л их бодож байна.

-Ямар саналуудыг гаргасан бэ?

-Одоогийн Үндсэн хуульд эдийн засгийг төр зохицуулна гэсэн заалт бий. Үүн дээр нэмээд төр эдийн засгийн харилцааг дэмжинэ гэсэн тодорхой өгүүлбэр байх ёстой гэсэн санааг би илэрхийлж байгаа юм. Үүний хүрээнд органик хуулиудад тодорхой өөрчлөлтүүдийг оруулж, эдийн засаг бизнесийн орчинг дэмжих ёстой.

-Тус саналуудын ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?

-Улс төр бүх салбарт хэт хамааралтай байна. Энэ саналын гол үүрэг нь хэн дуртай хүн, байгууллага бизнес эрхлэгчдийг дарамтлахаас хамгаалахад оршино. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар гэх мэт маш гоё нэртэй байгууллагууд байгуулагдаад хөдөлмөрлөөд явж байгаа хэдийгээ татварын бус дарамтын хэлбэрээр зулгааж байна. Бизнес хийхээр хичээж явсан нэгэн арга ядаад гадаадад ажиллахыг эсвэл төрийн байгууллагад жолооч ч хамаагүй хийхийг илүүд үзэж байна. ийм байдалд бид улс орны хөгжил гэж ярих боломжгүй. Байгалийн баялгаа булаацалдсан хэдэн хүмүүс л байна. Уг нь бүгд хөдөлмөрлөөд байвал улс орны эдийн засаг өнөөдрийн байгаа хэмжээнээсээ нэмэгдэж, тэлэх бүрэн боломжтой. Финлянд гэхэд 190 тэрбум евро бүхий маш том эдийн засагтай. Эстон улс манайхаас хүн ам багатай ч эдийн засаг нь гурав, дөрөв дахин том. Тэгэхэд бид чөтгөрийн тойрогтоо л, байгалийн баялаг оллоо гэвэл тэрийг би авна гэж булаацалдаад л. Тиймээс бид эдийн засаг, бизнесийн орчинг дэмжье гэсэн заалт оруулах хэрэгтэй. Тэгж гэмээнэ бидний ирээдүйг олон зүйлээс аварна гэж үзэж байгаа юм. Бид хичээгээд бизнес эрхлэгчдийг дарамталж буй бүгдэд хяналт тавьж чадахгүй. Хэрвээ Үндсэн хуульдаа тусгаад өгчихвөл Үндсэн хуулийн Цэцэд хандаж зогсоох боломжтой. Үүнийг л би хэлээд байгаа юм.

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд ч үүнийг онцолж байгаа.

-Таны энэ саналыг байнгын хороодын хурлаар дэмжсэн үү?

-Миний саналыг аль ч байнгын хороо дэмжээгүй. Байнгын хорооны хурлаар саналыг гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгтэйгээр хэлэлцэхээр байсан. Нэг хүн дэмжихгүй байхад л саналууд унасан. Гишүүд картаа уншуулчихаад гарах тохиолдол бий. Арван гишүүний гурав нь картаа хийгээд гараад явчихвал долоон гишүүн үлдээд санал өгсөн ч санал дэмжигдэхгүй байгаа. Гуравны хоёроор нь дэмжигдэх ёстой учир нэг л хүн дэмжихгүй бол санал унана. Үндсэн хуулийг хэлэлцэх дэг нь бусад хуулиас өөр байна шүү дээ. Бусад хуулиудад арван хүний зургаа нь дэмжихэд хангалттай байсан бол одоо найман хүн дарж байж дэмжигдэх өндөр босготой байгаа. Энэ нь нэг талаараа нэмэлт санал оруулахгүй гэсэн санаа л даа.

Сайн дарга сонгогдвол, Засгийн газар тогтвортой байвал эдийн засаг, бизнесийн орчин сайжирна гэж надад тайлбарлаад байгаа л даа. Гэхдээ үүнийгээ хоёр үгээр ч болтугай Үндсэн хуульд тусгачих хэрэгтэй байгаа юм. Муу Засгийн газар тогтвортой ажиллачихвал тун эвгүй шүү дээ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэнэ. Гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэж хэлэлцэх нь мэдээж. Баяр наадам, амралт давхацсан энэ үед ард иргэдийн мэдээгүй, хүсээгүй заалтуудыг оруулчихвий гэх болгоомжлол байна л даа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд саналууд гарч байгаа учраас өнөөдрийн хэлэлцэж байгаагаасаа өөрчлөгдөх боломж байхгүй. Тэр бол хэтэрхий хардаж байгаа хэрэг гэсэн үг л дээ. Ер нь ч тэгээд ард түмнээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэх саналыг УИХ-ын дийлэнх гишүүд гаргаж байгаа. Гэхдээ ард түмнээс ерөнхий асуулт асууж магадгүй юм шиг байна лээ. Үндсэн хуульд орж буй нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа юу, үгүй юү гэх мэтээр асуух бололтой. Нэгдүгээр хэлэлцүүлгийн дараа гишүүд тойргууддаа ажилласан. Баянгол дүүрэгт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, А.Ундраа болон миний бие ажиллалаа. Бүх хороогоороо явсан. Дараа нь нэгдсэн уулзалтуудыг Үйлдвэрчний соёлын төв ордонд хийсэн. Ард иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байна. Иргэдийн зүгээс Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгох нь зөв гэдэг байсан бол одоо буруу гэж байна. Үг хэлж хэлж байгаа иргэдийн 90-ээд хувь тийм саналтай байна лээ шүү. Энэ нь иргэд олон шатны сонгуулиудаас залхжээ гэдгийг л харуулж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн сонгуулийг хийхгүй гэж байгаа нь тун сайшаалтай.

-Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох зохицуулалт орж байгаа. Энэ нь хэр зөв шийдвэр юм бэ?

-Аймаг, дүүргийн хот болох боломжийг нээж өгч байгаа. Бусад улс орнуудад хотуудын санхүүжилтийг газрын болоод үл хөдлөх хөрөнгийн төлбөр бүрдүүлдэг. Орон нутгийн үйлчилгээний газрууд нь ч тусдаа такстай байдаг. Энэ бүрээс хотын татварт нь тодорхой хэмжээний хөрөнгө цугладаг. Ийм тогтолцоо бий болсон тонхиолдолд хотууд бий болох нь зөв. Харин улсаас үргэлж татаастай байх юм бол тун бэрх. Хот болсноор төрийн байгуулалтын бүтэц, зарлага нэмэгдэх нь ойлгомжтой шүү дээ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг улс төрөөс хараат бус болгоно гэж буй. Энэ өөрчлөлтийг хийж чадах уу?

-Шүүх засаглал, УИХ-ын гишүүдийн хариуцлага, гүйцэтгэх засаглалын эрх мэдэл, Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудыг би 100 хувь дэмжиж байгаа. Яахав иргэдийн зүгээс шүүгчид, Цэцийн гишүүдийн ажиллах хугацааг хэт урт байна гэдгийг хэлж байгаа юм.

-Төсөв хэлэлцэх үед УИХ Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлагын шинэ төрөл нэмэхгүй байхаар хуулийн төсөлд тусгагдсан. Уг зохицуулалттай холбоотой гишүүд янз бүрийн л байр суурь илэрхийлж байна. Таны хувьд?

-Төсөв батлах нь УИХ-ын гишүүдийн нэн тэргүүний эрх. Тус саналыг М.Энхболд гишүүн гаргасан шиг санаж байна. Энэ асуудлыг олон талаас нь их л сайн бодох ёстой.

-Гүйцэтгэх засаглалыг тогтвортой болгох хүрээнд цөөнгүй зохицуулалтууд орохоор байгаа. Энэ тухайд?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар Ерөнхий сайд маш өндөр дархлаатай болох нь. Ерөнхий сайдыг огцруулахаар бол дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хамтад нь оруулж ирэхээр байгаа юм. Намын дарга хүн Ерөнхий сайд болдог. Намын дарга өөрийгөө огцруулахаар намын хурлаа хийнэ гэж байх уу. Миний бодлоор лав ийм зүйл байхгүй. Байхгүй гэж үзсэн учраас энэ зохицуулалтыг хийсэн байх. Энэ нь бараг зөв байх. Нэг сонгогдсон Ерөнхий сайд нь бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллах боломж бүрдэнэ.

-Давхар дээлийг бүрэн тайлах нь зөв гэдэг саналыг зарим УИХ-ын гишүүд гаргасан байна лээ.

-Давхар дээлийг нэг мөсөн тайлах нь зөв гэж боддог. УИХ-ын гишүүд давхар дзээлгүй байна гээд Үндсэн хуульдаа тусгачихвал УИХ-д янз бүрийн аргаар орж ирж, сайн, муу зүйлүүд хийдэг хүмүүсийн тоо ч цөөрнө байх. Тиймээс энэ саналыг миний хувьд дэмжинэ. Харин Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байх хэрэгтэй. Тэрээр хуралдаандаа оролцоод хийсэн ажлууддаа тайлбар өгөх нь зөв. Ерөнхий сайд нь УИХ дотор юу болж байгааг мэдэхгүй, бичгээр харьцаад байж болохгүй.

-Энэхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар хамгийн багадаа 20, түүнээс цаашхи хугацаанд манай улсын нийгэм, эдийн засгийг зөв зүйтэй зохицуулж чадах уу?

-Хөгжингүй улс орнуудад хуулийг нэг мөр ойлгодог. Би гэдэг ойлголтоо авчихсан, төлөвшчихсөн гэсэн үг. Бид ч гэсэн нэгэнт л энэ хуулиа баталсан бол нэг мөр ойлгох ёстой. Улс орон хөгжихгүй байгаа нь Үндсэн хуулийн буруу биш. Түүн дээр байгаа үг, өгүүлбэрийг мушгин гуйвуулдаг, буруу тийш нь залдаг, хуулийг өөрийнхөөрөө тайлбарладагтай холбоотой. Ийм байж болохгүй л дээ. Манай улсад хууль хангалттай байна. Харин үүнийг гүйцэтгэх, биелүүлэх нь хамгийн чухал.

ШИНЭ МЭДЭЭ