Б.Алтантуяа: Монголд шинжлэх ухааны туршилт хийхээс бусад бүх эрүү шүүлт байна
НҮБ-ын эрүүдэн шүүлтийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн үндэсний комисс хамтран “Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.
11:27 2019-06-26
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 2000 оноос хойш хүний эрхийг хамгаалах талаар ярьж буй бөгөөд хорих ангийн шалан дээр хөлөө жийн сууж байсан билээ. Тэрбээр өмнө нь цаазын ял аваад хоногоо хүлээж байсан хүний төлөө тэмцэж байсан хүний хувьд өнөөдрийн хэлэлцүүлэгт үгээ хэлж байгаа гэдгээ хэлэв.
ИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл "Зөвхөн эрүүдэн шүүгээд зогсохгүй дараа нь хохироосоор байна. С.Зоригийн хэргийг шалгах явцад эрүүдэн шүүлт хийж байна гэдгийг хэлсээр байсан. Тухайн үед ТЕГ ШШГЕГ-ыг атгасан байсан. Ороход л үгээ ч хэлж чадахгүй байсан. Миний ажиллаж байсан жишээнүүдийн дийлэнх нь хүний амь эрсдэхийн өмнө маш хүнд хэцүү байдалд байдаг. Тэгэхээр тогтолцоонд нь өөрчлөлт хийх хэрэгтэй.
Хэрэг тохох тогтолцоог байхгүй болгохын тулд хэрэг бүрт ял оноож, нийлбэрээр нь ял оноодог байх хэрэгтэй
Хорих ангид гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглох хэрэгтэй. Энэ заалтыг оруулж ирсний дараа миний эсрэг дайралт хийж, миний туслахаар ажиллаж байсан хүн гэрийнхээ гадаа зодуулж амиа алдсан. Зодуулсан амиа алдах үеийнх нь зураг байхад хэрэг нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Эрүүдэн шүүлтийн эсрэг дугарсан хүнийг ингэж айлгадаг.
Мөн хэрэг тохох тогтолцоог байхгүй болгохын тулд хэрэг бүрт ял оноож, нийлбэрээр нь ял оноодог байх хэрэгтэй гэсэн Х.Тэмүүжингийн заалтыг би дэмжиж байсан. Гэтэл С.Бямбацогт үүнийг авч хаясан. Тэгэхгүй бол нэг хүнд гэмт хэрэгт ял авсан хүнд олон хэрэг тохдог. УИХ-ын гишүүд, сайд нар эрсдэл үүрч иргэдийн эрүүдэн шүүлгэхгүй байх эрхийг нь хангахын тулд энэ тогтолцоог бий болго.
Урьдчилан сэргийлэх 461-р хорих ангид сэжигтэн өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах ганц ч өрөө байхгүй хэр нь эрүүдэн шүүх өрөө маш олон байна.
11:09 2019-06-26
Нээлттэй хэлэлцүүлгийн эхний хэсгийн илтгэлүүд дуусч, хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн иргэд үг хэлж байна.
Сэлэнгэ аймгийн иргэн Баянмөнхийг цагдаагийн алба хаагч хамгаалалтын малгай өмсөөгүй хэмээн шаардлага тавихад биеийн байдал муугаас өмсөж чадахгүй байгаа талаараа хэлж маргалдсан байна. Улмаар цагдаад эсэргүүцэл үзүүлсэн хэмээн гавлаж, хэл амаар доромжилжээ. Ингээд сумын төлөөлөгчдөө энэ байдлаа тайлбарлахад толгой руу нь хоёр удаа алгадсанаас ухаан алдан унасан явдал гурав хоногийн өмнө болсон гэдгийг тэрбээр хэлж байв. Орон нутагт иймэрхүү асуудал гардаг бөгөөд Зөрчлийн тухай хуулиар хамгаалалтын малгайгүй хэмээн 200 мянган төгрөгөөр торгоно гэснээс үүдэн ийн маргалдсан талаар тэрбээр ярьж байна.
Орон аймгийн өндөр настан Ойсайхан хүүг нь баривчилж, цэрэгт татлага болон өөр аймагт ажилтай явах үед нь гарсан хэргийг тохож, эрүүдэн шүүж онц ноцтой хэргийн буруутан болгосон талаар ярьж байна. Үүний дараа 70 хувийн сэтгэцийн өвчтэй болсон гэдгийг хэлсэн бөгөөд хуулийн төсөлд эрүүдэн шүүлгэж, хохирол амссан иргэдийн ар гэр дарамттай байдаг тул энэ талаар заалт оруулах хэрэгтэй гэв. Мөн хуулийн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг эрүүдэн шүүлтэд суралцуулж байгааг зогсоож, энэ тал дээр өөрчлөлт хийх хэрэгтэйг онцолсон юм. Түүний хоёр оюутныг манай хүүг ямар нэг аргаар бариад ир гээд явуулсан бөгөөд цасан шуурганаар хөл нүцгэн, дан подволктой баригдаад явсан гэдгийг хэлж байв. Иргэдэд хуулийн талын мэдлэг мэдээлэл олгох сургалт явуулж байх санал тавьсан юм.
Иргэн Ойсүрэн энэ асуудлаар ХЭҮК-т хандсан бөгөөд нөхөн олговор хэмээн 40 сая төгрөг олгож байсан гэдгийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэллээ.
10:26 2019-06-26
Дараагийн илтгэлийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Эрүүдэн шүүлт тулгах гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, сургамж, шийдэл” сэдвээр тавьж байна.
Х.Тэмүүжин "Монгол Улсын хувьд нотлох, арга зүй цаасан нотлох баримт буюу байцаагчийн асуусан асуултыг цаасан дээр буулгадаг, Вишиньскийн нотлох арга буюу шүүхэд нэн чухал нотлох баримт нь гэмт хэрэгтний өгсөн мэдүүлэг хэвээр байна, өөрсдөөр нь нотлуулах гэж оролддог, шударга ёсгүй процесс гэсэн журмаар явж байна.
Уурын зууханд 16 хоног хорьсон гэх гомдлын дагуу иргэд сайн дураар уурын зууханд хоносон гэсэн шийдвэр гарсан зэрэг эрүүдэн шүүлттэй холбоотой жишээ ХЭҮК-ын илтгэлд бий. Эрүүдэн шүүсэн гэх гомдол гаргасан иргэдийн дийлэнхийнх нь буруу болоод дуусдаг. Хамгийн аймшигтай нэг зүйл нь шүүгч яллагчийн байр суурьнаас ханддаг. Энэ бүх зүйл шинэ зүйл биш. Өмнө нь ч байсан, одоо ч байгаа.
Намайг Хууль зүйн сайд байхад ШШГЕГ-ын харьяа хорих ангид амиа алдсан. Яагаад амиа алдсаныг албаны болон албан бус шугамаар шалгахад дээрээс "Эмнэлэгт үзүүлж, гадуур гаргаж болохгүй" гэсэн чиглэл ирсэн гэж байсан. Ийм асуудал хөндөгдөхөөр цагдан хорих төвд гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоохоор сайдын тушаалыг гаргаж байсан. Тухайн үед Ерөнхийлөгч гэмт хэрэгтнүүдийг өмгөөлдөг, гэмт хэрэгтнүүдийн талд ордог Хууль зүйн сайд байдаг юм уу гээд толгой түрүүгүй загнасан. АТГ, ТЕГ, ЦЕГ-ын удирдлагууд мэдэгдэл гаргаж, Ерөнхий сайд Засгийн газрын гаргасан хуулийг татаж авахуулдаг гэдгийг тов тодорхой харуулсан.
Манай хууль сахиулах буюу хууль, иргэний эрх чөлөөний заагт зогсож байдаг хүмүүсийн хэзээ ямар арга хэмжээ авах ажиллагаа нь хуульчлагдаагүй. Иргэний эрх зүй заавар, зөвлөгөө, хамтарсан баримт бичигт тулгуурлаж байна, хуульд биш.
Манай парламентад маш том алдаа бий. Гэмт хэрэгтэй тэмцэх, Тагнуул хоёрын салгаж байж хүний эрхийн баталгаа, шүүхийн хяналт гэсэн зарчим руу очих ёстой. Ингэхгүй бол дэвшил гаргаж чадахгүй" гэсэн юм.
10:11 2019-06-26
Эрүүдэн шүүлтийг хориглох олон улсын гэрээ, зөвлөмжүүдийн хэрэгжилт Монгол Улсад” илтгэлийг Монголын Эмнэсти Интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа тавьж байна.
Тэрбээр "Шударгаар шүүлгэх эрх, эрүүдэн шүүхтэй тэмцэх нь, эрүүдэн шүүх арга хэрэгслийг устгах нь гэх мэт хангалттай олон зөвлөмжийг бид гаргаж байсан. Өнөөдөр бол эрүүдэн шүүлтийн хохирогчдод туслах өдөр.
Сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд энэ чиглэлээр ажилладаг хүн байна уу
Монгол Улсад шинжлэх ухааны туршилт хийхээс бусад бүх эрүү шүүлт байна. Тиймээс эдгээр хүмүүст хэрхэн туслах талаар өнөөдөр хэлэлцэх ёстой. Маш олон гэрээ конвенц, хууль тогтоомжоор эрүү шүүлтийг хориглож, эрүү шүүлтээс амгаалдаг. Эрүүдэн шүүлтийн улмаас хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулах хэрэг эргээд үнэн шалгагдаж байна уу гэдэг бас асуудал. 2000 оноос хойш эрүү шүүлтийн хохирогч болсон хүмүүсийн гэм хорыг яаж арилгах юм. Эсвэл зөвхөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа иргэдийн л гэм хорыг ярих юм уу гэдэг асуудал.
Төрийн нууц, мөрдөн шалгах, шүүх ажиллагааны нууц гэсэн үгээр хичнээн хүний хохирлыг далд байдалд үлдээх юм бэ. Эрх нь зөрчигдөхөөс өмнө ямар байсан хэмжээнд хүртэл хохирогчийн эрхийг хамгаалж, сэргээж чадах уу. Сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд энэ чиглэлээр ажилладаг хүн байна уу гэдэг асуудал ч гарч ирнэ. Нөхөн төлбөр ч асуудал хэвээр байна.
Төрийн бодлого өмнөх Засгийн газар, дарга нарынхаа хийсэн ажлыг устгах гэсэн зарчмаар явж байгаагаас болж эрүүдэн шүүлтийн талаар ухарсан үйлдэл болж байна
Монгол Улс олон улсын конвенцийг толгой дохин нэгддэг. Гэтэл үүнийгээ бүрэн гүйцэд ухаарч, ойлгодоггүй, нэр төдий хэрэгжүүлдэг, улс төрийн хэмжээн ашиг сонирхлоор ханддаг байдал нь өнөөдрийг хүртэл эрүүдэн шүүлт амь бөхтэй хүрэх нөхцөл болсон гэж харж байна.
Эрүүдэн шүүлтийн асуудал нэлээн хурцаар тавигдсантай холбоотой ХЭҮК-ын илтгэлийг анх удаа УИХ-аар авч хэлэлцсэн. Гэтэл түүнээс гарч байгаа тогтоол нь мөн чанарт тулгуурлаагүй. Мөрдөн байцаах албыг чухал гээд байгуулсан байхад татан буулгачихаад энэ нь хэрэгтэй гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлээд байхад тогтоол дээрээ судлах гэж гаргаж байгаа юм. Юуг нь судлах гээд байгаа юм бэ. Хэрэгтэй гэдгийг нь хангалттай судалчихсан. Төрийн бодлого өмнөх Засгийн газар, дарга нарынхаа хийсэн ажлыг устгах гэсэн зарчмаар явж байгаагаас болж эрүүдэн шүүлтийн талаар ухарсан үйлдэл болж байна. Одоо засах гэж байна гээд шүүгчийн хараат бус байдалд халдаж байна" гэсэн юм.