МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төмөр замчид түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэж байна
2019.08.02
Зам, Тээвэр

Төмөр замчид түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Оросын төмөр замчид өнөөдөр хоёр улсын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулсны түүхэн 70 жилийн ойн баяраа тэмдэглэж байна.

Монголын төмөр замчдын баяр төмөр замын ахмад зүтгэлтэн Н.Цэрэнноров агсны дурсгалын хөшөөнд УБТЗ-ын удирдлага, хамт олон цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлснээр эхлэв.

Дараа нь “Улаанбаатар” зангилааны бүх салбар нэгжийн төлөөлөл ажилтнууд Зорчигч үйлчилгээний төв буудлаас Төмөр замчдын Соёлын ордон хүртэл баярын парадаар жагссан юм. Мөн УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний парад Зорчигч тээврийн төв буудлын урд замд боллоо.

Энэ өдөр мөн баярт оролцогч зочид төлөөлөгчид, төмөр замчид УБТЗ-ын түүхийн музейг үзсэн юм. Энд 1945 оны Монголын анхны уурын зүтгүүрээс эхлээд Наушки-Улаанбаатар чиглэлд анхны галт тэрэг 1949 оны өвөл улсын хилээр орж ирж буй, мөн 1956 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Ази, Европыг холбосон төмөр замын гарцыг нээж БНХАУ-аас анхны галт тэрэг Замын-Үүдийн боомтоор нэвтэрч буй зэрэг түүхэн гэрэл зургыг дэлгэсэн нь Монголын төмөр замын хөгжлийн түүхэн товчоон болон үлджээ.

1938 онд Улаанбаатар хотын Аж үйлдвэрийн комбинат- Налайхын уурхайн хооронд Монголын анхны 43 км төмөр замыг тавьж ашиглалтад оруулснаар Монгол Улсад төмөр замын салбар анхны шангаа татсан гэдгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа дурсаж байв. УБТЗ ХНН-ийг үүсгэн байгуулсны түүхт 70 жилий ойн баярын ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан болон УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ