2019.08.20
Эрүүл мэнд
Иж бүрэн тоноглогдсон, түргэн тусламжийн хоёр авто машиныг бэлэглэлээ
Эрүүл мэндийн ажилтны 98 дахь өдрийг 08 дугаар сарын 17-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус өдөр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Б.Жавхлан нар болон Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.
Дархан-Уул аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн салбарт нийт 1500 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчид байдаг. Энэ өдөр салбартаа олон жил ажиллаж, өөрийн эрдэм мэдлэг, чадвараа зориулж буй эрхэм хүмүүсээ төрийн болон салбар, аймаг, сумын шагналаар энгэрийг нь мялаалаа.
Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нийт 72 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн тоноглогдсон хоёр авто машиныг энэ үеэр бэлэглэж, жолооч нарт нь түлхүүрийг нь гардуулан өгөв.
БНСУ-ын Кёнги аймгийн хамтын ажиллагааны хүрээнд эмч, мэргэжилтнүүдийг туршлага судлуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах зэрэг аймгийнхаа Эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг хийдэг. Тус салбарт энэ жил 1.8 тэрбум төгрөгөөр 2 томоохон бүтээн байгуулалт өрнөх талаар аймгийн Засаг дарга С.Насанбат энэ үеэр мэдээллээ.