МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.08.29
Хууль, эрх зүй

Ц.Мөнх-Оргил: Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж хатуу босго тогтоох шаардлагагүй

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.29/ өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна. Нийт 150 гаруй санал авахаар байгаа юм.

УИХ-ын гишүүд дээрх саналуудтай холбоотойгоор байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

"Улс төрийн намуудтай холбоотой үндсэн суурь зарчимуудыг дэмжиж байна. Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн байна. Хөрөнгө оруулалт ил тод байх, зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүгийн дэмжлэг, төрөөс үзүүлэх дэмжлэгийг хуулиар тогтооно гэх мэт Үндсэн хуулиар тогтоох суурь зарчмуудыг заасан заалтыг дэмжиж байна. Харин Улс төрийн нам нь иргэдийн улс төрийн үзэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалт байна. Үүнийг ажлын хэсэг жаахан өөрчлөөд 16.10-т заасны дагуу байгуулагдаж Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж оруулсан байна. Үүнийг Үндсэн хуульд заавал байх ёстой заалт гэж үзэхгүй байна. Учир нь Улс төрийн нам яагаад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой вэ? Онолын хувьд орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг практик байж болно. маш олон оронд нам 2 төрлөөр бүртгүүлдэг. Улсын хэмжээний парламентын сонгуульд оролцоно. Нөгөө нь парламент бус орон нутгийн хэмжээний сонгуульд оролцоно гэж бүртгүүлээд явж байгаа. Тиймээс бид нам л бол улсын хэмжээнд ажиллана гээд шахах шаардлагагүй. Заавал ингэж босго тогтоох хэрэггүй. Одоогийн Үндсэн хуулийн заалт их тодорхой шүү дээ."

ШИНЭ МЭДЭЭ