"Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-Эрх зүйн баталгааг хангах нь" сэдвээр хэлэлцэнэ
Хүний эрхийн гэрээний дагуу аливаа улс орны төр иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг хүлээх ёстой. Үүнд хүн бүр, ганцаараа буюу бусадтай хамтарч, хүний эрхийг хамгаалах болон биелүүлэхийн төлөө зүтгэх эрхийг баталгаажуулах явдал орно.
Өөрөөр хэлбэл, бидний хэнд ч, хүний бүх эрхийг хамгаалах эрх байдаг гэсэн үг юм. Тэгвэл өнөөдөр манай улсад тэр эрх бүрэн утгаараа хэрэгжиж чадаж байна уу? Уг асуултын хариуг өгөхүйц, шийдэл, гарц гаргалгааг тодорхойлох зөвлөлдөх уулзалтыг 2019 оны есдүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. "Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-Эрх зүйн баталгааг хангах нь" сэдэвт зөвлөлдөх уулзалтад НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчдын асуудлаарх Тусгай илтгэгч, ноён Мишель Форст урилгаар хүрэлцэн ирж оролцоно. Уг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар, Монголын Эмнести Интернэшнл байгууллага хамтран зохион байгуулж байна.