МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Оросын төмөр замууд НХН-ийн Ерөнхий захирал О.В Белозёровыг хүлээн авч уулзлаа
2019.09.09
Гадаад харилцаа

Оросын төмөр замууд НХН-ийн Ерөнхий захирал О.В Белозёровыг хүлээн авч уулзлаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Оросын төмөр замууд НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга Олег Валентинович Белозёровыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд О.В.Белозёров Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн зэрэгцээ төмөр замын салбарын талаар санал солилцох завшаан тохиолдсонд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид төмөр замын салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.

Мөн тэрбээр Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН 2018 онд 25,8 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоосныг онцлоод цаашид тус нийгэмлэгийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх болон бусад тулгамдсан асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар төмөр замаар тээвэрлэх ачаа тээврийн хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж байгаа энэ үед тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг онцлоод, Улаанбаатар төмөр зам ХНН-ийг 2030 он хүртэл шинэчлэх, хөгжүүлэх хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулан, дэмжүүлэхээр ажиллаж байгааг дуулгав. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн төв коридорын зарим хэсгийг шинэчлэх эхний ээлжийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн тэрбээр Улаанбаатар төмөр замын акцизын асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн талаар онцлов. 

Түүнчлэн Нийгэмлэгийн эзэмшил газартай холбоотой асуудлыг үе шаттайгаар шийдэж ирсэн бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 16 газрын гэрчилгээг баталгаажуулсан бол Улаанбаатар төмөр зам ХНН байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хүрээнд дахин 7 газрын гэрчилгээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай хамтран шийдвэрлэж, гэрчилгээг нийгэмлэгийн удирдлагуудад гардуулан өгч, УБТЗ ХНН ямар нэгэн газрын маргаангүй болсныг онцлон тэмдэглэлээ.

Цаашлаад талууд Зүүнбаян-Ханги-Мандал, Таван толгой-Зүүнбаян, баруун босоо коридор буюу Арцсуурь чиглэлийн төмөр замыг Кызыл Курагинотой холбох зэрэг шинэ төмөр замын  төслүүдийг, төмөр замын төв коридорын шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлэхээр ярилцаж, хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан, хамтарч ажиллахаар тохиролцов.

ШИНЭ МЭДЭЭ