МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын Засгийн газар, Оросын  Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ
2019.09.12
Гадаад харилцаа

Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн  (2019.09.12) хуралдаан 13  цаг 10 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар  Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон БНМАУ-ын Засгийн газар,  ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын  Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцсэн. 

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав. 

Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийг  1971-1980 оны үед хоёр улсын хооронд байгуулсан Засгийн газрын баримт бичгийн дагуу зохицуулдаг. Эдгээр баримт бичгээс Засгийн газар хоорондын 1971 оны протокол, 1979 оны хэлэлцээрийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулахаар тогтсон. Уг нэмэлт, өөрчлөлтийг ноот бичиг байгуулах замаар хоёр тал тохиролцсон гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдав.   

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул уг хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ