МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын Засгийн газар, Оросын  Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа
2019.09.12
Гадаад харилцаа

Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.12/ нэгдсэн хуралдаан 17 цаг 20 минутад эхэллээ.

Хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон БНМАУ-ын Засгийн газар,  ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын  Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  

Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийг 1971-1980 оны үед хоёр улсын хооронд байгуулсан Засгийн газрын баримт бичгийн дагуу зохицуулдаг аж. Эдгээр баримт бичгээс Засгийн газар хоорондын 1971 оны протокол, 1979 оны хэлэлцээрийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулахаар тогтсон байна. Уг нэмэлт, өөрчлөлтийг ноот бичиг байгуулах замаар хийхээр хоёр тал тохиролцсон гэлээ.

Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүд гараагүй хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийг батлахыг дэмжлээ

ШИНЭ МЭДЭЭ