МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Их Британи улстай зам тээврийн салбарт хамтран ажиллахаар санал солилцлоо
2019.09.12
Гадаад харилцаа

Их Британи улстай зам тээврийн салбарт хамтран ажиллахаар санал солилцлоо

УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Филип Малон, Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн Турк, Зүүн Европ, Төв Азийн бүс хариуцсан газрын захирал, ноён Озгур Кутэй тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2000 онд хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг байгуулж, 2012 онд Лондон хотруу нислэг гүйцэтгэхээр төлөвлөн, 2013 онд нислэгийн дугаар хамтран эзэмших тухай санамж бичигт гарын үсэг зурж, Берлинээс Лондон руу нисэх 5 дугаар эрх авахаар ярилцаж байсан.

Мөн төмөр замын бетон дэр, рейльс төмрийн бэхэлгээний систем нийлүүлэх, ган бүтэцтэй угсардаг гүүрийн технологийг монголд нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийх зэргээр Их Британи улстай зам, тээврийн салбарт хамтран ажиллаж байсан туршлагуудаас дурдав. Түүнчлэн тус улсын дэвшилтэт техник технологи, ноу хау-г Монголын төмөр замын салбарт нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага байгааг тэмдэглэлээ.

Тэрбээр Их Британийн төмөр замын бетон дэрний бэхэлгээ үйлдвэрлэгч “Пандрол”, “RM&S” зэрэг компаниуд Монголын зах зээлд бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа нэвтрүүлж эхэлснийг сайшаагаад Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын үндэсний бүтээн байгуулалтыг Монголчууд өөрсдийн нөөц бололцоогоор барьж байгуулж эхэлсэн бөгөөд энэхүү ажлын дэр бетон үйлдвэрлэх хэсэгт “Пандрол” компанийн бэхэлгээг ашиглаж байгааг онцлов. Цаашид Монгол Улсын төмөр замын томоохон төслүүд үргэлжлэн хэрэгжих тул бэхэлгээний хэрэгцээ шаардлага их байгаа ба Пандрол бэхэлгээний зарим бүрдэл хэсгүүдийг монголд үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн Монголын Иргэний нисэхийн салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийхэд хамтран ажиллахыг санал болгов.

Элчин сайд Филип Малон, Б.Энх-Амгалан сайдыг хүлээн авч уулзаж, санал солилцож байгаад талархал илэрхийлээд дээр дурдсан асуудлуудад анхаарал хандуулан ажиллаж байгаагаа дуулгав. Мөн өнгөрөгч 7 дугаар сард нээлтээ хийсэн шинэ нисэх буудал ашиглалтад орсноор Монгол Улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна хэмээн үзэж буйгаа илэрхийлээд хоёр улсын Иргэний нисэхийн байгууллагуудын хооронд яриа хэлцэл хийгдэж, удахгүй шийдэлд хүрнэ гэдгийг онцоллоо.

Ингэснээр хоёр улсын Иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагаа дараагийн шинэ шатанд гарч, өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэн хэлэв. Мөн Британийн Экспортын санхүүжилтийн агентлагаас 150-250 сая ам.долларын санхүүжилт хийх бололцоотой бөгөөд Монгол Улсын зам, тээвэр, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах боломж байгаа гэдгийг илэрхийлсэн юм

ШИНЭ МЭДЭЭ