2019.09.13
Эдийн засаг, Худалдаа
Замын-Үүд боомтын шинэчлэл, барилгын байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажлын шав тавих ёслол боллоо
Замын-Үүд боомтын шинэчлэл, барилгын байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажлын шав тавих ёслол Замын-Үүд боомтод 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр боллоо. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, БНХАУ-ын Элчин сайдын яамны худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Шюэжунь болон Гаалийн Ерөнхий газар, аймаг орон нутгийн удирдлага, Хилийн байгууллага, зөвлөх болон гүйцэтгэгч компанийн удирдлага, төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх төсөл хэрэгжиж эхлээд байна. Энэхүү төсөл нь БНХАУ-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойд хэрэгжиж байгаа нь чухал ач холбогдолтой.
Манай улсын хамгийн том хилийн боомт болох Замын-Үүд нь өдөрт дунджаар хоёр мянган зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтайгаар 1996 онд ашиглалтад орсон байсан. Тухайн цаг үетэй харьцуулбал өнөөдөр Монгол улсын эдийн засаг 10 дахин тэлэхийн сацуу хөрш орнуудын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, худалдаа, эдийн засгийн эрх тэгш түнш болсныг энд тодотгож, энэхүү боомтыг өргөтгөн шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон.
Иймд 2018 онд Монгол улсын Ерөнхий сайд БНХАУ-д хийсэн албан айлчлалын хүрээнд БНХАУ-аас Монгол улсад олгож буй буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Замын-Үүд боомтыг шинэчлэх тухай хэлэлцээрийг хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан нь өнөөдөр ийнхүү бодит биелэлээ олж, ажил хэрэг болж байна. Энэхүү төслийг БНХАУ-ын 201 сая юань буюу /75 тэрбум төгрөгийн/ буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа ба Олон улсын стандартад нийцсэн зорчигч тээвэр, ачаа тээврийн барилга, дэд бүтэц, ногоон байгууламж бүхий цогцолбор болох юм.
Замын-Үүд боомтын шинэчлэлээр нийт талбай 8 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж, зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж, Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлэх юм.
ШИНЭ МЭДЭЭ
ХЗБХ: 2024 он хүртэл боловсронгуй болгоно
2020.12.09